ГАЛ УУРАГ

ГАЛ УУРАГ ном гэж юу вэ

20 Наснаас эхэлж бичсэн Сургаалийн гэж хүмүүсийн тодорхойлоод байгаа яруу найргийг бичиж эхэлсэн байдаг. Үүнийгээ 2009 онд ном болгон хэвлүүлсэн.

Энэ номтой танилцаж ГҮН УХААН болон СУРГААЛИЙН яруу найрагтай танилцаж миний дотоод ертөнцийн гүн оршихуйтай танилцана уу.

Өмнөх үгийг Далхаагийн НОРОВ, Бавуугийн Лхагвасүрэн нар бичсэн:



ТҮЛХҮҮР ҮГ

Ямааг ямаа л гэж бичье Ямааг бас тэмээ гэж бичье . Ийм яриа уран зохиол судлалд байдагсан . Бас мөсөн уулын онол ч гэж буй . Энэ алтан сургаалыг дурдахын учир бол " ГАЛ УУРАГ " буюу сондгой бадгууд номын шүлгүүдийг ийм түлхүүртэйгээр уншваас манд ихэд таашаагдах болов уу гэж ухсаных . Зохиогч Буян болбоос Хөвсгөлийн Галт нутагт хурга хариулж өссөн , Тоо бодож , зураг зураг зурж дээд сургууль дүүргэсэн барилгын инженер хүн . Энэ хүний номыг уншихад түүний сэтгэлгээний цар хичнээн уужуу агаад гүн мөртөө адармаатай холбоостойг ойлгосноо нуух юун.Хорь шахам жилийн өмнөх хоёрхон жилд оюутны байрны цухалхан ороонд , өдөр шөнийг ялгалгүй сууж , ойн гүнд , цасан дунд , асаасан түүдэг мэт бадарч энэ номыг бичээд , бас тэр мэт унтарч оноо болтол ганц ч мор бичээгүй хүн . Хойшид яахыг гагц түүний цочмог зүрх мэднэ буй заа . Чингэж хорьхон насандаа , хоёрхон жилдээ зүрхэндээ гал асаахдаа , яаж , яах гэж юу хийж байгаагаа мэдээгүй гэдэг юм . Тэр явдлаараа бомбөрцгийн дотоод цот рүү , тархи зүрхний бол нэгж эс рүү найргийн онгод хөлөглон үзэг барин дайрчээ . Ертонций цем , хүний зүрх тархины эд эсэд хайр , үзэн ядахуй , дурлал , гүн бясалгалын үр , яруу дүрслэхүйн галт учиг , тэнгэрлиг ухааны очис , ер юу байгааг нээн гаргаж , бидний отно , бидний сэрэхүй , танихуй , цочирхуйн эмзэг нарийн утсанд онолдуулан доргиосон нь энэ бөлгөө . Түүний шүлгүүдэд тэр бүрий найрагчдад эс олдсон задлаг мэдрэмж , эс үзсэн содон онго , үл хондсон урвуу чанар , этгээд атлаа яруу дүрслэл , солгой атлаа таатай уянга буй . Тэдгээр нь бас толгой нь өөд , уруу харсан буй . Бидний ширхэг эсээс цэнхэр гараг , ээжийн сүүнээс бүсгүйн дурлал хүртэлх орон зай , цаг хугацаа , бодотой агаад бодгүй юм үзэгдэл цөм этгээд сониноор холилдон буй . Ямар ч атугай мэргэн уншигч та болгоовоос яруу ухааны солонгон задлагаас хүртмү . Ямааг ямаагаар нь , ямааг шүүдрийн дусал хэлбэрээр нь үзүүлсэн нь ч буй . Эх хэлнийхээ яруу дууныг үхрээр дуулуулж , чулуугаар буйлуулж хэмхэчсэн нь ч , хэлхээ сувд болгосон нь ч буй . Бас яруу найргийн мөсөн уулын 8 - ны нэг нь илб үлдсэн 7 нь далд , далайдаа байдгийн нотлогоог үзүүлсэн нь бий . Ерөөс Буянгийн шүлгүүдийг буйгаар нь л хүлээн ав даа , Та . Тэгээд модернизм , гүн сэтгэлгээний , сургаал бодролын , романтизм , реализмын гэх мэт дуртай урсгал чиглэлдээ оруул . Учир нь илтээр танд эс туссан ч зүрхийг чинь онож хөндүүрлэх вий . Би ийн мунхаглаж , манай их найрагт нэгэн шинэ сондгой аялгуу цамнан орж ирвэй хэмээн олзуурхан баясаж үүнийг сараачив аа .

Төрийн шагналт зохиолч

Далхаагийн Норов 2009.02.19



" ГАЛ УУРАГ " номын өмнөтгөлд өргөх үг

Саяхны нэгэн өдөр , огт танихгүй залуу орж ирэн миний урд шүлгийнхээ , өнөө маргаашгүй " төрөх " болсон номоо тавилаа . Надад үзүүлье ! гэж зорьж ирсэн хүнд юунд " таагүй " хандаж болох билээ ... Тэр өдрийн орой , саран мандах цаг дор хүртэл шүлгүүдийг нь уншлаа . Аливаа юмыг мэдэрч чаддаг , ямарч байсан санааг шүлэг болгоод байх уран чадвар суучихсан , яруу найраг руу чимээгүйхэн дөтөлж яваа найрагчийн шүлэгтэй нүүр тулдаг байна . Бас бусадтай адил байхаас татгалзаж чаддаг нь мэдрэгдэж байлаа . Яруу найраг хэн бүхний хийдэг хялбархан ажил биш нь анхны номоо гаргачихаад " алга " болдог “ сураггүй болоочдын " улбаанаас батлагдаж байгаа юм ... Тийм хүмүүсийн нэг биш гэдэгт , бичсэн шүлэгт нь автсаны тулд ихэд итгэл моров . Ухаан билэг төгөлдөр хүмүүс шүлэг найргийг олноороо бичиг ! туурвиг ! Сайхан шүлгүүдийг нь найргийн бурхан таалж ивээг ! Тааруухан шүлгүүдийг нь найргийн бурхан шатааж дулаацаг ! Утга уянгын тэнцэл , гүн ухааныг эрсэн Бямбажавын Буянгийн шүлгүүд уншигч таныг зорин очлоо . Таны яаж болгоох нь энэ бүтээлийн үнэ цэн болох болно . Уншигчдын урдуур хондолсон аливаа нэгэн дүгнэлт хийх нь надад оногдоогүй " Эрх " болой ... Ямарч байсан зүрхэндээ " нэрж " , тархиндаа " шаргаасан " сондгой мөртэй шүлгүүд ном болон хуримлаж монгол найргийн ертонцод мор тавив . Магадгүй Бямбажав хэмээх сайн эцгийн Монголын яруу найрагт өгсөн их " БУЯН " болов уу ? хэмээн Буян найрагчийн номын тоононд хадаг уяв .

МУ - ын төрийн шагналт Ардын уран зохиолч , Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн 2009.02.22


Билүү гуранзаар хурцалсан хутгаар

Биеийг эсгэхэд эдгэх нь амархан

Жөтөө үгээр хурцалсан хутгаар

Сэтгэлийг эсгэхэд эдгэх нь амаргүй

*** ***

Учрыг тунгаалгүй өө сэмрүүлэгч шооч

Улиг зүйлсээ хэдэнтээ хаман яригч үглээ

Учрыг тунгаагаад нэн төгөлдөр шинжигч ёжигч

Урьдын үйлсээ хэдэнтээ тандан яригч няхуур

*** ***

Мянган жил үйлээр бүтсэн ухааныг шинжээд

Нэгэн мөчнөө хураан үйлдэгч-туршлага ухаантан

Мянган жил үйлээр бүтсэн ухааныг шинжилгүй

Нийлэх мөчнөө хураан үйлдэгч-бодь ухаантан

*** ***

Энэ тэрээр ихийг мэдэж талх хэмлэгч

Эрдэмт хүмүүний өмнөө харанхуйн орон буюу

Шалдар аргаар ном шарлуулагч

Шүлэгч хүмүүний өмнөө ширээний бүтээлэг буюу

*** ***

Улаасан хацартаа үлэмж сайхныг тунаруулан

Учиртайхан байдлаараа хүмүүнийг бишрүүлээд

Өнгөрсөн,маргаашийг энэ дор харуулах гэмээр

Өвч түмэн сац биднээ заяат сайхан бүсгүй

*** ***

Хүүхэд наснаа тоглоомоос өөрийг бодохгүй

Залуу наснаа дурлалаас өөрийг бодохгүй

Хүүхэд наснаа дураараас өөрийг бодохгүй

Залуу наснаа эрдмээс өөрийг бодохгүй

*** ***

Түмэн бодис бүхэд цогцолмуу

түмэн бодис хүнд нэн нарийн цогцолсон бусуу

Ертөнц үүсэхдээ түмэн бодисоо үүсгэсэн бусуу

Ертөнц харихдаа түмэн бодисоо аваад буцах бусуу

*** ***

Тэнгэрийн дор аав, ээж үр хүүхдээ бодоод

Тахир үрчлээний эзэн болох арвин үнэн

Тиймийн тул хэзээ болов ч та

Тэнгэрийн дор аав ээжийн үрчлээсний үргэлжлэл

*** ***

Урагшгүй бодолтонд муу үйл дагаастай

Харамч ухаантанд хоосон сав тосоотой

Ханилгаагүй сэтгэлтэнд бүтэлгүй учраастай

Уггүй сэтгэхүйтэнд мухар жалга тосоотой

*** ***

Арвин бороон дараа анхил үнэр сагсайдаг

Сэтгэдэг хүмүүний дараа шинжлэхүй ухаан дэлгэрдэг

Саран тодхоноор хөрстөд түмэндээ зугаалдаг

Алимад хүмүүн асралт бодолтод мөнхөрдөг

1991-04-01 24цаг 45

*** ***

Муугүй шүлэгч болюу гэвээс

Барагтайхан тоочин байх шиг

Муугүй тоочин болюу гэвээс

Барагтайхан шүлэгч байх шиг

*** ***

Хоёр тоо хооронд нь нэмэгчийг тоочин гээд яахав

Хэдэн мөрт толгой холбогчийг шүлэгч гээд яахав

Чанаруудын дундаас билиг олохгүйг шинжээч гээд яахав

Чамаас боллоо гээд цааш одогчийг нөхөр гээд яахав

*** ***

Гуа сайхан байгалаас тансагийг хүртэх мэт

Гүн утгат үгсээс учигтай бодлыг хүртдэг

Голын усхан шүүдрийн дуслаар бөмбөрөх мэт

Голч утгат үгч хэдэн бээрийг ташруулан алгасдаг

*** ***

Үйл бүгдийг үнэн гээд зөвшөөрөх нэн амар

Үзэхүйеэ тунгааваас сумны хэлтэрхий байхыг сана

Алив бүгдийг худал гээд зөвшөөрөх нэн амар

Азнахуйяа тунгааваас ачтан байхыг сана

*** ***

Аравнайлсан тангарагнаа үнэнч байгаад

Худал хуудуудаас үнэнийг сугалах ариун

Атгасан гарнаа цэцэгхэн хавчаад

Хувил хуурамчуудад өгөх бас сайхан

*** ***

Зовлонгоо өрөөд нөхрөө шалаад яахав

Зовношүү аяа нөхөр тань

Жаргалаараа шалаад нөхрөө мадлаад яахав

Жаргахгүй шүү аяа нөхөр тань

*** ***

Олон хувьсагч тэгшитгэл-хүмүүс юм бол

Онцгой нэгэн шийд нь та байх учиртай

Язгуур гаргаад тэнцүүлэхэд та л байх ёстой

Ялихгүй өөрчлөөд эс тэнцүүлсэн ч та л байх ёстой

*** ***

Шүлэг хэмээх үгнээс түмэн шүлэгч зүүгдээд

Шунхан ёртөнцөөр ялаа , зүүд ,хайр эрж явна

Амьдрал хэмээх үгнээс түмэн хүмүүс зүүгдээд

Аргагүй ертөнцөөр ялаа,зүүд,хайр эрж явна

*** ***

Шуугаант чимээнээс хоромхон зайлахад

Хөгшид үнэнхүү амар тайван нойрсох

Шулганах шувуудаас хоромхон зайлхад

Хөгшид үнэнхүү ажин түжинд үл нойрсох

1991*4*3 24цаг23

*** ***

Бийр янтайн үзүүрээс голдирох

Билиг ариун үгс бодь ухааны далай

Гүехэн бүлгийн уснаа талимаарах

Гараг дугуй саран их гэрлийн далай

Номын хэсгээс...