Дүрс2

Дүрс тэмдгээр бүтээхүй...

Дүрс, тэмдэг элдэв янз. Дүрс тэмдгүүд бичиг үсгийн эх нь. Хүн вээр эрт үеэс элдэв дүрсийг энд тэнд, хад чулуун дээр сараачсан байх. Зарим дүрс тухайн амьтныхаа хөдөлгөөний байрлалийг тун гайхалтай гаргасан байдаг. Хадны сүг зургийг сайтар ажиглавал олон мэдрэмж аяндаа төрнө. Монголчууд эрт дээр үеэс дүрс тэмдгээр бэлэгдэж ,түүнийгээ эрхэмлэсээр иржээ. Yүнийг ХАС гэрчилнэ. Хасын хувилбарууд мянгаар тоологдоно. Орчлон ХАОС бүтэцтэй гэдгийг монголчууд тун эртнээс мэдэж байжээ. Гайхалтай шүү. ХАС нь ХАОС бүтцийг онож уран илэрхийлдэг бэлэгдэлийн дүрс билээ. ХАС-нь ХАОС зүй тогтлын бэлэгдэл дүрс тэмдэг буюу.

20 –р зуунд бид дүрс тэмдэг хэрэг бага, юунд ч хэрэглэх билээ, хоцрогдсон бэлэгдлүүд гэх ухааны “ангич намч онол" ярьсаар цаг алдсан тал бий. Гэтэл дүрс тэмдэг их хэрэгтэй “эд" байжихуй. Зах зээлд шилжиж эхэлмэгц энэ нь тод болов. Байгууллага, пүүс компани, бараа ,үйлчилгээнүүд өөр өөрийн ЛОГО –той байх бөлгөө. Бас улс орон бүр. Тэр нь дүрс тэмдэгээр илэрнэ. Бэлэгдэхийн учир энэ буюу. Энгийн юм гүн байдгийн жишээг дүрс тэмдэг харуулдаг. Энгийн атлаа гүн агуулгатай дүрс тэмдэг олон бий. Харсан хүндээ яг л бууна. Харна гэдэг чинь сонсохоос мянга дахин үнэтэй. АНУ, Хятад, Япон улсын төрийн далбаа, Тоёота, Форд, Бенц –ийн машины тэмдэг. Эгэл атлаа гүн агуулга. Гэтэл манай улсын төрийн далбаа, сүлд нилээд ярвигтай бөлгөө. Ойлгох, тайлбарлахад хэцүү. Иргэд ойлгодоггүй юм. Тайлбар бий, гэхдээ түүний логик нь гүн биш, хөгийн талдаа гэхүү дээ,...Сүлд тэмдэг эх агуулгаа бүрэн харуулж чадахгүй байгаа учраас л тайлбар хэмээх дагавар үгс хэрэгтэй болно. Иргэн нь ойлгохгүй байхад гадныхан ойлгох бол уу?. Манай төрийн сэтгэлгээний түвшин ийм байна. Жижигхэн хүмүүс дорой сэтгэнэ. Гай нь их. Дэлхийг эзэгнэж байсан их гүрний уг үндэс нь монгол улс гэдгийг хэнд ч хэлээд өгөхөөр дүрс тэмдэг олохсон. Монголчууд бид бага үндэстэн биш шүү, том үндэстэний уг сурвалж нь, эх булаг нь,... үлдэж хоцорсон нь,...том жижгээ хэлэлцвэл энэ дэлхий дээр монголчуудын урьд хэн ч гишгэхгүй шүү,...түүх хэлээд өгнө, тухайн үедээ бидний өмнө тойгтой нь тонгойж, толгойтой нь бөхийж ....байсан юм шүү гэдгийг харуулахуйц дүрс тэмдэг хэрэгтэй байна. Харсан бүхэн намс гэхүйц дүрс тэмдэг.Толгой нь намс гэхээсээ өмнө монголчуудын сэтгэснийг нь хүндлээд намс хийвэл зохих бус уу. Оюун сэтгэлгээгээрээ бусдыг давж болно доо. Тийм дүрс байж л байгаа. Олохсон,...Сэтгэхсэн, бодохсон, Тунгаахсан,

Дүрс тэмдэгт дайвар үг, дагалт тайлбар хэрэггүй ээ. Харсан хүн өөрийнхөөрөө ухан ойлгог. Гүн ойлгох нь байхад өнгөц тусгах нь ч бас таарна. Орчин үеийн зураг иймэрхүү болж байгаа нь цаанаасаа угшилтай ажгуу. Хэт их тайлбарлах нь юу ч биш болгоно гэсэн үг. Манайхан дүрс тэмдэгт элдэв санаа өгч тайлбарлах, үүсэл гарвалыг нь тогтоох, өмчлөх чиглэлээр нилээд ажил хийх болов. Чулуун зэвсгийн үеийн дүрс тэмдгийг одоогийн хүмүүс минийх-чинийх гэж маргаад ч яалаа, эс маргаад ч яалаа.Чулуун дээр сийлсэн тэр хүн нь монголчууд бидний өвөг дээдэс мөн бол уу?,...хай мэдэхгүй, ..нүүгээд явчихсан ч юм бил үү, хэн мэдлээ. Асуудлын гол нь дүрс тэмдгийг онож ашиглахад л байх шиг.Тоёота, Бенц, Форд компани шиг, АНУ, Япон, Хятад улс шиг.

Хиад боржгон Бямбажавын Буян олон дүрс тэмдэг зурдаг хүн. Мянгаар тоологдох дүрс тэмдгээсээ 676 -г нь уншигч танд өргөн барьж буй нь энэ. Түүний зурсан дүрс тэмдэг бүрийн ард сэтгэлгээ буй. Сэтгэж байж л зурна. Зурж байж л бүтээнэ. Сэтгэнэ гэдэг амаргүй ээ. Буянгийн зурсан дүрс тэмдгүүд бусдынхтай давхцах нь ч бий, эс давхцах нь ч бий. Гэхдээ л ядаж нэг нэг зураас нь ялгаатай. Ер нь дүрс тэмдэг хэт энгийн байдаг учир уг эх нь тийм ч олон биш юм билээ. Буянгийн дүрс тэмдгүүд дотор ХАС –ын олон хэлбэрүүд таарна. Байж л байг. Гол нь сэтгэхэд л оршино. Энэ маш чухал. Сэтгэх нь бүтээхийн эхлэл бөлгөө. Дүрс тэмдгээр бүтээж болно. Буянгийн зурсан олон дүрс тэмдгийг пүүс компаниуд лого –эмблем болгох биз,..., улмаар тэдгээр дүрс тэмдгээр дамжин бараа үйлчилгээнүүд олшрох байх, ... тэгээд хүмүүст хүрэхээрээ дүрс тэмдэг хэрэгтэй гэдэг нь тодрох байх, бас баяжиж илүү уран гоё болох биз,...Б.Буян зүгээр ч нэг дүрс тэмдэг зураагүй хүн шүү, тэрээр бүтээгч - бүтээлч хүн.

Монголчууд төрөлхийн оюуны өндөр чадвартай, хараа орон зайн сэтгэлгээний хөгжил сайтай ард түмэн. Эдүгээ цаг дор хүн төрөлхтөн ВИЗУАЛ сэтгэлгээг ихэд чухалчлах болов, учир гэвэл, сэтгэлгээний төрлүүдээс хамгийн том бөгөөд ончтой, хүчтэй нь тэр билээ. Уудам орон зайд мал сүргээ адгуулан нүүж сууж амьдарсаар бидний хараа орон зайн сэтгэлгээ бусдынхаас илүү болсон байх. Байгалиас өгсөн тэр том хишгийг нандигнаж хөгжүүлэх нь бидний үүрэг. Эс хөгжүүлвээс монгол хүний тэр давуу тал аяндаа бууран сулрана. Монгол хүн бүрт буй тэр далд авъяас, давуу талыг нээх, сануулах, хөгжүүлэх цаг болов. Хүн бүр өөрт буй ВИЗУАЛ сэтгэлгээний унаган далд авъяасаа зүлгэн тордмоор санагдана. Б.Буян үүнийг мэдэрчээ. Түүний бүтээсэн .............ном энэ ажилд түлхэц өгөх нь дамжиггүй. А.Эйнштейн “би үгээр сэтгэдэггүй, би төсөөлөн ургуулж сэтгэдэг" гэсэн. Дүрс ахихаараа төсөөлөн ургуулах сэтгэлгээнд шилжинэ, бас дүрсийг бүтээхэд төсөөлөн ургуулан сэтгэнэ. Б.Буян дүрс тэмдгээр төсөөлөн ургуулж сэтгэдэг хүн.

Ц.Дэмбэрэл. / доктор, профессор, Монгол улсын гавъяат багш /