Дүрс3

ДҮРСИЙГ УТГААР АМИЛУУЛАХУЙ

Хэн ч бус ямар ч бусаар

юу ч бусыг бүтээсэн

Өврийн дэвтрээс

Дүрс, дүрс, дүрс…Энэ орчлонд дүрс үгүй юм нэгээхэн бээр ч үгүй. Од мичид, газар дэлхий, уул тал…Тэр ч байтугай “хоосон” хүртэл дүрстэй. Үүнийг монголчууд “барайж торойж байвч зэрэглээ нэг хоосон” гэж цэцэлсэн. Тэгвэл сэтгэл ч бас дүрстэй.

Үзэгдсэн энэ сэтгэлд

Удамбарын цэцэг

Уйман ганхаж найгаад

Элдэв дүрсийн чуулган

Ямагт тахил болно гэж Ноён хутагт шүлэглэсэн нь бий. Эдгээр юмс үзэгдэл цөм өөрийн дүрстэй. Тоолж баршгүй, дуусаж барагдашгүй эдгээр дүрс нэг нэгийгээ огт давтдаггүй нь бас жигтэй. Уул гэхэд өндөр нам, шовх мөлгөр, муруй эгц гээд… Гэвч энэ бүх дүрс утгатай юу гэвэл үгүй. Тэгвэл дүрс хэдийд утгатай болдог юм бэ? Маш энгийн жишээ авъя. Хөвсгөл аймгийн Галт суманд Зүрх гэж уул буй. Зүрхэн хэлбэртэй энэ ууланд уул гэдэг бодот утгаас өөр хийсвэр утга байхгүй. Гэвч тэр уулын зүрхэн дүрсийг нутгийнхны онцгойлох тэмдэгт оруулан зураадахвал тэр хийсвэр утгатай болоод явчихна. Өөрөөр хэлбэл, тэр нутгийн бэлгэдэл болчихно. Бүдүүндүүхэн хэлбэл бэлгэ тэмдэг гэж ингэж үүсдэг. Ахуйг бэлгэ тэмдгээр дамжуулан ойлгодог гэж Карл Ясперсийн хэлсэн нэг үг байна. Энэ нь аргагүй юм. Хүн өөрөө оршин буй ахуйгаа бэлгэ тэмдэг болгосон юм чинь. Тийм ээ, бэлгэ тэмдэг гэдэг хүн ахуйг хийсвэрлэн сэтгэсний тусгал юм. Иймээс ахуй хязгааргүй шиг бэлгэ тэмдэг хязгааргүй. Түүнийг илэрхийлэх дүрс нь бас хязгааргүй бөлгөө.

Монголчууд ахуйн далайд оршдог шигээ бэлгэдлийн далайд хөвж явдаг. Энэ талаар бусад ард түмнээс яав чиг дутахгүй. Нар сар, хас соёмбо…гээд л тоочиж яахан барах. Чухамхүү тэр бэлгэдлийн далайд дусал нэмэх гэж залуу уран бүтээлч Боржигон овогт Бямбажавын. Буян зорьжээ. Чингээд “……………..” гэсэн дүрсний ном бүтээжээ. Дүрсийг утгаар амилуулжээ. Уран дүрс үнэхээр утгаар амилан төгсжвөөс бэлгэ тэмдэг болно. Бүр сүлд шүтээн, ноён хутагтын айлдснаар бол “тахил” болж болно. Ийнхүү бэлгэ тэмдэг нь бодожсон ахуйн хийсвэржсэн дүрсний сансаржсан утга болно. Учир иймийн тул тэр утга бүхнийг тайлбарлах хэрэггүй юм. Хэрэв бэлгэ тэмдгийг ганц утгаар тайлах гэж оролдвол тэр бэлгэ тэмдгийн чанараа алдана гэж мэргэд айлдсан нь бий. Хүн ертөнцийн утгыг өөр өөрийнхөөрөө ойлгоно. Иймд ертөнцийг бэлгэдэж байгаа дүрсний утгыг бас л өөрийнхөөрөө ухна. Өөрийнхөө ухаарцад дөхүүг нь сонгоно. Ертөнцийг хийсвэрлэн дүрсжүүлж, дүрсийг утгаар амилуулсан энэ сонин ном үзэгч эрхэм Таны алган дээр алганы тань хээтэй зэрэгцэн очиж байна. Та алган дээрээ буй алганы хээ шиг далдхан утгатай эдгээр дүрсээс өөрийн бэлгэдлийг сонгон чадваас, ер өөрийнхөөрөө эрэгцүүлэн тунгаагаад хэлбэр агуулгын нэгдлийг олон чадваас хийсвэрлэн сэтгэх оюунд тань нэмэр болох болов уу. Учир нь хүний ойлголт бодтойгоос хийсвэрлэхүйрүү явж, эргээд бодтойруугаа ордог, хүний оюун ухаан нэгэн загварт баригдалгүйгээр чингэж тэлэн хөгждөг ажаам, чингэж гэмээ нь түмэн оньст хорвоогийн буман аньсыг тайлан чаддаг ажаам.

Утга зохиолын доктор

Хатагин Го. АКИМ

2010. III. 13