Нийтлэлүүд1

ГУРВАЛТ

-Эвдрэл хэмхрэлгүй бүрэн бүтэн үл оршино-

Хүмүүний өсөн үржих, үр удмаа үл гээх, түүхийн олон мянганы тэртээ ул мөрөө үлдээхүйн олон хүчин зүйлс байхын тулгуур мөр гурвалт цогцыг авч үзье.

Хүмүүний амьдрал өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй гурван цагийн хэлхээс дор аав, хүү, ач нар ямар үйл хэрхэн хийсэн, хэдий хэр нүгэл хилэнц хураасан, хэр хэмжээний сайн үйл бүтээсэн зэрэг шашинлаг мэт ч, нээрэн л тэр гурвын аль нэгэнд харилцах савны хуулиар их бага, дүүрэн дунд, ор хоосон алин боловч ирэх нь барин тавин хэлэхэд хэцүү ч, ямар нэгэн хүчний үйлчлэлээр ирдэг жамтай ажээ. Өрнөдийн шинжлэх ухаанаар үүнийг тайлан уншина гэдэг түнэр харанхуйд урдахаа харалгүй хад мөргөхтэй агаар нэг. Квант физик нь шугаман хөгжлийнхөө дээд цэгт тулаад, шугаман бус сэтгэлгээний эрэлд гарсан боловч, шийдэж чадахгүй олон олон асуудал хүлээсээр, Хүний генийн кодыг тайлсан хэдий ч дотоод нарийн үйл өрнөл нь ямар үйлчлэлээр хугацааны хэр хэмжээний агшинд юугаа юүлэх, юугаа самарч өрнүүлэх болон орон-цагийн ямар хэмжээсээр амилан буйг тогтоож чадаагүйгээр барахгүй очиход хол буй. Энэ удаа “гурвалт” хэмээхүйн зөвхөн дотоод мөн чанар, харилцан хамаарал, нөлөөллийн хамтрахуйг авч үзэн, бусад хамаарлыг түр орхин, дараа болъё /орхисон хамаарлууд авч үзэж буйг баяжуулахаас бус саармагжуулахгүй/.

Дээрхи хоёр бодит байдлыг нуршихын учир нь, орчлонгийн хамгийн язгуур мөн чанар буюу физик хэлээр бол хамгийн бага хэсгийг олох, олохоор тэмүүлэх нь өөрөө тэрхүү өчүүхнийг агуулж буйд хамаг учир буй бололтой. Учирсан саадыг уран арга, углуургат сэтгэлгээгээр тайлан ахисаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн хүмүүний олон үеийнхний тэрхүү бэлэн жоруудаас шинжиж, хамаг боломжит хувилбарыг сонгож, тун өвөрмөцөөр сэтгэх үүрэг бидний үеийнхэнд оногдсоныг ухаарцгаая. Тоон системийн хувьд хамгийн тогтвортой нь гурвалсан дараалал боловч басхүү тогтвортой, хамгийн гол нь цаг хугацааны хэмжээсийг өөрийн тогтоцын гүнээс төрүүлэн, орон зайгаар хэрэн байх шиг. Бидний өгүүлээд буй энэхүү гурвалсан бүтцийг гурав хэмээн өнгөцөөр бус, хоёрлосон бүтцийн тогтворжуулагч оршиж, нэгэн цул бүтэц болж буйг гурвалт хэмээн нэрийдэж цааш төнхөцгөөе. Орчлонгийн нэгэн эд эс болох хүмүүний амьд байж өсөн үржихүйн өдөөгдсөн хэв шинж нь бүрэн бүтэн, бүхэл цулын шижмээр угшиж, өөрийнхөө өнгөрсөн чангаалтын эрчмийг сулруулан, ирэх чангаалтын эрчмийг өсгөх үйлээр дараагийн өсөлтийг хангаж байдаг аж. Өдөөгч үгүй бол орчлон ертөнцийн цул систем орших боломж үгүйтэй адил хүмүүн төрөлтөнд бий болох хийгээд, дэвших онцгой нөхцөл заяахгүй байсан биз ээ. Гурвалтын эхлэл муу муухай бүхнийг хүү, ачдаа нялзаалгүй, өөрөө тээн буцах зөнтэй авч, эцэг хүний хувиар сэтгэл зүрх нь тэрхүү муу муухай бүхнийг урагшаа тохох бууц үлдээдэггүй. Хүү харин өмнөх үе рүүгээ муу муухайгаасаа тохох хандлага гаргах авч тохолт нь өөрийн системийн хувь оршиход нь шууд хамаарлыг зөвшөөрдөггүй. Ачийн хувьд бэлэн жор байгааг мэдрээд, түүгээрээ жим гаргаж өгсөхүйд, муу муухай, саад тотгор ирэхэд мөнхүү өвөө, аавд тохох боловч, систем хүлээн авч залруулах бүтцээ нээж өгөхгүй. Хэрэв бусад хүчин зүйлээр засуулваас төлөөсөө төлөх өртэй үлдэж, төлөх бурханы хуультай. Бидний хэлэлцэн буй гурвалтын хамгийн тэмүүлэлт үр удмаа үл үлдээхүй хийгээд цөөн үр төлтэй байхыг үл тэвчин үргэлжлэх авч, бурханы болоод сахиусан тэнгэрийн шийдвэрээр шийдэгдмой/Сахиусан тэнгэрийн үйлчлэхүйн хүрээ, үйлчлэлийн хуулийг олж тогтоож хараахан чадаагүй/. Энэхүү үйлчлэл нь бидний үл мэдэх орон-цаг, орон зай, цаг хугацаа хэмээх хэмжээсгүй атлаа орчлонгийн бүх цэгт хэрэн сүлжсэн энергийн хадгалагдах нөхцөл үл биелэх нэгэн орон бололтой/. Гурвалтын буй хийгээд шилжих шилжилтийг аав, хүү, ач гурваар төлөөлүүлэн авч үзье. Аав/буурал/, хүү/тогтуун/, ач/өсгөлүүн, идэр/-ийн хэмээр үргэлжилсээр цагийн эрхээр аав бурхан болох, эсвэл жич төрөх хэмжээсээр шууд тодорхойлогдох нь өнгөц бусаар тухайн гурвалтын дотоод онцгой элгэмсүү харьцааны шижмээр өөр өөр түвшингээр ялгагдах авч, энэ ялгаа нь нийт системийн хувьд хүлцэх алдаа төдийхөн буюу түрүүн авч үзсэн тэгш хэмийн алдагдал төдий юм. Хэн нэгэн аав үр ачаа үзэлгүй хорвоогоос хальвал энэ чинь худлаа юм биш үү гэж асуух нь зүй хэрэг. Үнэн хэрэгтээ бидний авч үзэж буй гурвалтыг гурван тоо хооронд нь нэмэн, хасах, хуваах мэтээр бодохоосоо өмнө, амьд үзлээр үзэх нь чухал. Учир нь, аав үгүй болсон хэдий ч хүүгийн сэтгэлд элэнц, өвөг эцгээс олон дахин илүү, ойр хадгалагдаж, он удаан оршин буй нь амьд буйн бүхий л шинжийг бүрнээ илтгэсээр ачийг хүлээн авахыг, буман хэлхээс үл тасрахуйн гэрэл, сүүдрийн цогц нэгэнтээ өлгийдөн тосдог.

Өнөөгийн сонгодог шинжлэх ухааны суурь ухагдахуун нь ерөөс арга билиг, эсрэг тэсрэг, инь янь мөнөөс мөн. Өөр нэгэн ухагдахуунаар авч үзвэл, орчлонгийн дотоод гүн рүү эрлээ үргэлжлүүлж байгаа квант физик бүхэл системийн тэгш хэмт учир шалтгаан оршин буйг зөвшөөрөхийн сацуу тухайн тохиолдолд алдагдахыг ердийн үзэгдэл хэмээн олон онол, туршилтаар нотлоод буй.

Хуланц өвөг арга, элэнц өвөг билиг, өвөг аав арга, аав билиг, хүү арга, ач билиг, жич арга, гуч билиг,жичэнцэр арга, жихүй билиг, ... мэтээр төгсгөлгүй цуваа болохыг хялбархан харж болно. / ...,Аав, ээж/=аав, /Хүү, эхнэр/=хүү,... гэх мэтээр авч үзэв. Эхнэр нөхрийн тухай энэ удаа орхив/цаашид бүтэн сэдвээр авч үзнэ/, Энэхүү орхил бидний энэ гурвалд алив нэгэн нөлөөлөх нөлөөлөл үзүүлэхгүй гэж үзэв.

...,/Хуланц өвөг,элэнц өвөг, өвөг аав/, /аав, хүү, ач/, /хүү, ач, жич/, /ач, жич, гуч/,.. мэтээр гурвалсан систем бүтэн системийнхээ дотор ямар нэгэн хэв гажилтгүй тэрхүү системээ тэтгэж байдаг авай. Арга билиг тогтвортой оршиж, өөрийн дотоод чанараараа цааш үржин олширч байхын язгуур угшил нь тогтворжуулагч буюу тэрхүү хоёр эсрэг тэсрэгийн аль алиных нь гүн мөн чанарыг өөртөө агуулагч оршино. Цааш үржин олшрохуй зам мөр болвоос өөрийн дотоод эрчмээ алдалгүй зарим үед өсөх болоод хэт өсөх, зарим нөхцөлд унах болоод хэт унах үзэгпэл ажиглагдах нь энерги хадгалагдах хууль үл биелэгдэн, алдсан, өссөн энергиэ гурвалсан төрлийн дараагийн төрөлд дамжуулахын тулд бурханд түр хадгалуулах аргыг хүн төрөлтөн үүсэн, үр удмаа үлдээж, элээсэн тэр цагаас өөрсдөө ухамсарлалгүй өөрийн болгосон юм шиг. Гурвалтын эхний эцэг дараагийн гурвалд ямар нэгэн огцом өөрчлөлт авчирахгүй гэдгийг генийн инженерчлэлийн нөхцөлийг авч үзэлгүй, амьдрахуйн шим өгөөжийн мандал дунд авч үзэв. Арга, билиг, арга юм уу, билиг, арга, билгийн энэхүү зарчим хэдэн зуун мянган жил зөнгийн билигт өгөөжөөр өдөөгдөн, арга сэдлээр үргэлжилсээр өнөө болов. Цаашид хүмүүн төрөлтөн буй дор орших авай.

Жишээ нь: /аав, хүү, ач/ билиг, арга, билиг /Билиг/ чанарт арга чанар байж гэмээж нь тогтвортой, хэв гажилтгүй, сондгой бус оршино. Арга чанарт билиг чанар байж гэмээ нь ууршилтгүй, муруйлттай авч, тэгш хэмтэй, өсөлттэй оршино. Аавын билиг өгөгдөхүүн хүүгийн арга өгөгдлөөр нэвт дамжин сүлэлдэж өөрөө үржихүйн зөн совингоор ачийг өндийлгөн босгож, цааш дамжихуйн зам мөр болгон сонгодог. Аав энэхүү гурвалтын цогцод нэгэнтээ сонгогдож, эхлэл, дамжуулагч болов, төдөлгүй төгсгөл болж, сүүлчийн боломжоо нээх нь энэ. Сонголт амжилттай боллоо. Дараагийн гурвал үүргээ гүйцэтгэх их замын дунд оржээ. Хүү эцгийн тэр замаар явахад нэгэн ижил нөхцөл тухайн санамсаргүй /санамсаргүй гэдгийг матетатик хэлбэрээр авч үзэв/ ерөөс учрахгүй агаад, шинэ орчин, шинэ нөхцлүүд эзнээн хүлээж, өвөрмөгц парадоксыг барьж, сонголтыг цаг үргэлж шалгана. Энэ шалгалтад өдөр шөнө, өвөл зун, өөр нийгэм, өөр улс орон нөлөөллөө хүлцэхүйц алдаа төдийхнөөр үзүүлэх боловч, гагцхүү орон-цаг, цаг хугацааны эрхшээлээр дүнгээ тавиулж, хүүдээ эрхээ шилжүүлэн, идэвхийн өрнөлөө сааруулж, тогтуун буйг чухалчилдаг. Тогтуун, амгалан буйн хүсэл гурвалт системийн хүчирхэг байх нөхцлийг өөрийн мэдэлгүй болоод системд нэгэнт буй тул бүрэн бүтнийг зөн совин, үргэлжлэхүйн билигт мэдрэхүйгээр өдөөгддөг. Өгүүлэн буй гурвалт маань нэг нэгнээсээ салан унахгүйгээр барахгүй наалдан барьцалдаж бат цул авч хугацааны онцгой нэгэн төлөвт сэлбэгдэж байх тавиланг хүмүүн төрөлтөн буй болсон тэрхүү эрчимт хэрчмээс таслан авсан болов уу.

Үргэлжлэл бий...

Бямбажавын Буян