Сонин хачин4

Төвдийн Анагаах ухааны талаарх танилцуулга

Александер Берзин

Мексик улс, Мексико хот, 1993 оны 8 дугаар сарын 30

Лекц хичээлийн хөнгөн найруулсан бичлэг

Оршил ба түүх

Яриагаа эхлэхийн өмнө би өөрийгөө эмч биш гэдгийг хэлэх ёстой байх. Тэгэхээр надаас өөрийнхөө өвчний талаар битгий асуугаарай. Би Төвдийн Анагаах ухааны талаар бага зэрэг судалсан. Бас Төвд эмийг олон жил хэрэглэж байна. Тэгэхээр би та бүхэнд онолын талаар л бага зэрэг ярьж өгч чадна.

Төвдийн Анагаах ухаан маш урт түүхтэй. Төвдөд нутгийн Уламжлалт анагаах ухаан хөгжиж ирсэн. Манай эриний долдугаар зуунд Төвдийн эзэнт улс байгуулагдахад Төвдийн хаадууд Энэтхэг, Хятад, Перс, Ром, Төв Ази зэрэг газруудаас эмч, оточ нарыг урин залж авчирч байлаа. Наймдугаар зууны төгсгөлд тэд бүр олон эмч, оточ нарыг авчирсан. Энэ үед Энэтхэгээс Төвд рүү Бурханы шашны Анагаах ухааны талаарх сургаал орж ирсэн. Мөн тэр үед Төвд рүү мөн Падмасамбава болон Нямаба сургаалиуд орж ирсэн.

Тухайн үед Төвдөд Бурханы шашны ямар урсгалыг, ямар анагаах ухааныг сонгох талаар их маргаан болж байлаа. Энэтхэгийн Бурханы шашны систем аль алинд нь бусдаасаа илүү ялгарч Төвдөд нутагшсан бөгөөд бид яагаад гэдэг талаар энэ удаад ярихгүй. Тэр үед Төвдийн нэг сайн эмч Төв Азид хэрэглэгдэж байсан Хятад, Грекийн Анагаах ухааны зарим онолыг Энэтхэгийн Бурханы шашны Анагаах ухааны үндэстэй уялдуулан холбож өгсөн юм. Тухайн үед Бурханы шашны судар, бичгүүд нууцлагдмал, хаалттай байсантай яг адил Анагаах ухааны судар, бичгүүд ч хаалттай байв. Эдгээр судар, бичгүүдийг арван хоёрдугаар зуунд олж нээгээд, дахин засварлаж, орчин үеийн онолтой уялдуулсан юм. Энэ дахин засварласан эхийг Төвдийн Анагаах ухааны систем үндэс болгон өнөөг хүртэл хөгжсөн.

Төвдийн Анагаах ухаан нь Төвдөөс Монгол, Хойт Хятад, Сибир, Төв Азийн бусад газар нутаг, бүр Каспийн тэнгис хүртэлх газар нутагт тархсан. Төвдийн Анагаах ухаан, мөн Төвдийн соёлын нөлөөг эдгээр газруудад Дундад зууны Европод хүмүүс Латины соёлд хэрхэн ханддаг байсантай адил хүлээн авч байсан гэхэд болно. Нөлөөлсөн газар нутаг нь Каспийн тэнгисээс Номхон далай, Сибирээс Гимлайн уулс хүртэлх уудам газар нутгийг хамарсан ажээ. Энэ бол нилээд том иргэншил байсан гэсэн үг. Бүгдээрээ одоо Төвдийн Анагаах ухааны системийг авч үзье.

Өвчний ангилал

Тэд өвчнийг гурван бүлэгт ангилдаг. Эхний бүлэгт бүрэн нотолгоотой туссан өвчин орно. Жишээлбэл генийн гажиг, төрөхийн гажиг гэх мэт. Бүрэн нотолгоотой туссан өвчин, гажиг тогтолцоог өнгөрсөн амьдралаас ирсэн гэж үзнэ. Төвдийн Анагаах ухаанд эдгээр өвчнийг эмчлэхэд маш хэцүү гэж үздэг. Зөвхөн өвчтөнд зовиургүй, тав тухтай байлгах талаар л анхаарч болно гэж үздэг. Жишээлбэл бид хүүхэд байхаасаа гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвдөж байсан бол эмчлэхэд маш хэцүү байх нь.

Хоёр дахь бүлэгт гаднах нөхцөл байдлаас шалтгаалан үүссэн өвчин орно. Үүнд гадаад орчин, бохирдол, нян гэх мэт янз бүрийн нөхцөл байдлаас биед зохих тэнцвэр алдагдсан өвчлөлийг оруулна. Эдгээр өвчин нь өргөн тохиолддог учир Төвдийн Анагаах ухааны гол анхаарч, судалдаг өвчлөлүүд болдог. Өвчний жишээ татвал: бохирдол ихтэй хотод их стресстэй амьдарсан хүний нас хэвийх үед гуурсан хоолойн багтраа үүсч болно.

Гурав дахь бүлэгт төсөөлсөн өвчнүүд гэж шууд үгчилж орчуулж болох өвчнүүд орно. Үүнд сэтгэл зүйн гаралтай өвчнүүд орох бөгөөд Төвдүүд ерөнхийдөө ийм өвчнийг муу хүчнээс шалтгаалдаг гэж үздэг. Энэ бүлэгт дайны үед гардаг солиорол, дайн үзсэн хүний сэтгэл зүйн өвчнийг оруулж болно. Ийм өвчнийг гол төлөв янз бүрийн уламжлалт дом, ёс гүйцэтгэх замаар эмчилдэг. Бидэнд энэ жаахан сүр бадруулах гэж ядаад байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ Африкийн жишээг харвал магадгүй бидэнд ойлгоход дөхөм байх болно. Хэн нэгэн өвчилсөн хүний сэтгэл зүйн байдал дархлааны системд нь нөлөөлдөг. Үүнийг орчин үеийн Анагаах ухаанаар судалж тогтоосон. Хэн нэгэн өвдсөн хүний төлөө тухайн Африк овог аймаг бүгдээрээ шөнөжин нойргүй хонож, элдвийн ёслол, бүжиг хийх үед тухайн хүнд эд бүгд намайг эдгээх гэж намайг дэмжиж, өргөж байна гэсэн бодол төрж сэтгэл санаа нь ч өргөгддөг. Улмаар энэ нь түүний дархлаанд сайнаар нөлөөлнө. Яг үүнтэй адил лам нар, гэлэнмаа нар бидний төлөө ёслол үйлдэх үед бидэнд сайнаар нөлөөлнө. Энэ мөн адил дархлааг сайжруулж, бидэнд хурдан тэнхэрэхэд тусална.

Гаднах нөхцөл байдлаас үүсэх өвчин: Таван махбоди ба гурван амин шингэн

Хоёр дахь бүлгийн өвчнийг авч үзье. Эхлээд өвчний шинж чанарыг мөн авч үзье. Хүний биеийг таван махбоди болон гурван амин шингэний тэнцвэрийг хангаж байна уу гэдгийг тэд эхлээд анхаардаг. Эдгээр таван махбоди нь шороо, ус, гал, хий, орон зай юм. Эд хүний биетэй ямар ч хамаагүй гүн ухааны ойлголтууд огтхон ч биш. Шороо гэдэг нь хүний биеийн биет шинж чанар. Ус гэдэг нь шингэн шинж чанар. Гал гэдэг нь халуун шинж чанар (Үүнд хүчиллэг шинж чанар болон хоол шингээхэд ялгаруулах дулаан хамаарна.), Хий гэдэг нь зөвхөн хүний биед буй хийг хэлээд зогсохгүй мэдрэлийн системийн цахилгаан энерги гэх мэт хүний биед буй энергийг хэлдэг. Орон зай гэдэг нь хүний бие, эрхтний байрлал, бүтэц юм. Жишээлбэл хөндий эрхтнүүд болох гэдэс дотор болон бусад эрхтнийг дурдаж болно. Өвчин гэдэг нь эдгээр махбоди тэдний хоорондын тэнцвэр алдагдахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ таван махбодийн харилцан уялдаанд ямар нэг асуудал үүслээ гэсэн үг.

Төвдийн Анагаах ухаан дахь өвчнийг гурван амин шингэний тэнцвэртэй холбон хардаг арга нь Грекчүүдээс орж ирсэн. Гэхдээ Санскрит болон Төвд хэлэнд үүнийг “алдагдах боломжтой зүйлс” гэж нэрлэдэг. Хүний биед байдаг гурван төрлийн системийг гурван амин шингэн гэж нэрлэсэн байна. Эдгээрийн тус бүр нь таван хэсгээс бүрднэ. Яагаад таван хэсэг нэг системийг бүрдүүлдэг болохыг би ч сайн мэдэхгүй. Энэ гурван системийг хий, шар шингэн, тунгалаг шингэн гэж хувааж авч үзнэ. Эдгээр системийг нарийвчлан авч үзье.

Хий гэдэг нь хүний биед буй хийг ерөнхийд нь хэлж байна. Биеийн дээд хэсэгтэй хамааралтай хийн эрч хүч биднийг залгих, ярих гэж мэт үйлдэл хийхэд гарч орж байдаг. Мөн биеийн доод хэсэгтэй хамааралтай хий биднийг биеэсээ ялгадсаа гадагшлуулах, эсвэл барих, сарын тэмдэг ирэх, бэлгийн хүслээ хангах гэх мэт үйлдлүүдэд орж гарч байдаг. Энэ эрчим хүчний нэг гол үүрэг нь хүний цусны эргэлт, даралтыг зохицуулдагт байдаг. Мөн бид хөдлөхдөө болон зүрхний үйл ажиллагаандаа төрөл бүрийн энерги зарцуулдаг.

Шар шингэн гэдэгт хүний элэгний үйл ажиллагаа, хоол боловсруулах үйл ажиллагаатай холбоотой цөсийг оруулан үзэж болно. Мөн энэ нь төрөл бүрийн пигментацитай холбоотой яригдаж болно. Жишээлбэл наранд түлэгдэх эсвэл цусны улаан бөөм, цусны улаан эс, эсвэл нүдтэй холбогдуулан ярьж болно.

Тунгалаг шингэн гэдэгт дотоод шүүрэл, тунгалагийн тогтолцоог авч үздэг. Үүнд ханиад хүрэх, хамрын хөндийн элдэв өвчлөл, мөн үе мөчөө хөдөлгөхөд оролцох шингэний асуудал байж болно. Би энд яг Барууны анагаах ухааны тохирох нэр томъёог нь сайн хэлж мэдэхгүй байна л даа. Магадгүй синовиал шингэн гэдэг байх. Жишээ нь ревматизм, артритис зэрэг өвчин нь тунгалаг шингэнтэй холбоотой болж байна. Хоол боловсруулах үйл ажиллагаа нь хий, шар шингэн, тунгалаг шингэнийг бүгдийг нь тодорхой үе шат бүрдээ ашигладаг нарийн төвөгтэй процесс юм. Эд бүгд маш нарийн төвөгтэй систем. Би өмнө нь хэлж байсан. Гурван амин шингэнтэй таван махбоди хэрхэн холбогдож байгааг ойлгох их хэцүү.

Өвчин энэ гурван амин шингэний тэнцвэр алдагдсанаас үүсдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл аль нэг шингэн хэт хүчтэй, эсвэл хэт сул үйлчилж байна гэсэн үг. Зарим үед нэг тэнцвэр алдагдсан байх, зарим үед хэд хэдэн системийн тэнцвэр зэрэг алдагдсан байж болно. Төвдийн Анагаах ухаан нь биеийг бүхэлд нь авч үздэг. Учир нь хүний биеийн бүх л систем хоорондоо харилцан уялдаатай байдаг.

Өвчнийг төрөл бүрийн шалгуураар ангилж авч үздэг. Заримдаа цусыг дөрөв дэх систем болгон авч үздэг. Үүнд булчинг ч оруулдаг. Шар шингэн, цус, халуудах зэргийг нэг бүлэгт оруулж, хий, тунгалаг шингэн, хүйтдэх зэрэг шинж тэмдгийг бас нэг өөр бүлэгт оруулах жишээтэй. Төвдүүд аливаа өвчнийг халуун, хүйтэн гэж ялгадаг. Би энд яг тэдний ярьж байгаа халуун, хүйтэн гэдэгт юу ойлгохыг мэдэхгүй байна. Ямар ч л байсан температуртай холбоогүй гэдгийг л мэдэж байна.

Өвчний шалтгаан

Ерөнхийдөө өвчлөл нь бидний хоол хүнснээс их шалтгаалдаг. Биедээ тохирохгүй хоол идэх, эсвэл их тостой хоол идэх гэх мэт нь эрүүл мэндэд нөлөөлдөг. Мөн бидний зан үйлээс шалтгаална. Жишээ нь хүйтэнд дулаан хувцас өмсөхгүй гарч явах гэх мэт. Гадаа хүйтэн газар жишээлбэл хүйтэн, нойтон хад чулуун дээр удаан суух нь бөөрний өвчний шалтгаан болдог. Өвчин нь мөн бичил биет, шимэгч, нянгаар үүсгэгдэж болно. Энэ нь барууны анагаах ухаантай төстэй. Гэхдээ Төвдийн Анагаах ухаан өвчний шалтгааныг илүү гүн, гүнзгий төвшинд авч үздэг. Миний бодлоор Төвдийн Анагаах ухаанд буй хамгийн сонирхолтой, бас ашигтай зүйлийг бидэнд илүү ойлгомжтойгоор хэлбэл аливаа өвчний буюу биеийн алдагдсан тэнцвэрийн цаад шалтгаан нь сэтгэл санааны тэнцвэрт байдал алдагдсанд оршдог гэж үздэг.

Хэрвээ бид өвчнийг бүрэн эдгээе гэвэл бүх төвшинд тэнцвэрийг олох, нэн ялангуяа сэтгэл санааны тэнцвэрт байдлыг олох хэрэгтэй. Гурван гол муу сэтгэл, хандлага байдаг гэж үздэг. Эхнийх нь аливаа зүйлийг хэт хүсч, хамааралтай болох. Энэ нь невротик шинжтэй би энийг л олж авах ёстой, хэрвээ олж авахгүй бол би галзуурна гэж бодоход хүргэх хүсэл. Хоёр дахь нь уур хилэн. Гурав дахь нь гэнэн хаалттай оюун бодол, зөрүүд зан болно. Энэ гурав нь гурван амин шингэний тэнцвэр алдагдахтай нягт холбоотой. Хэт их хүслээс хийн тэнцвэр, уур хилэнгээс шар шингэний тэнцвэр, хаалттай оюун бодлоос тунгалаг шингэний тэнцвэр алдагдана гэж үздэг. Энэ үнэхээр маш их сонирхолтой. Илүү нарийвчлан авч үзье.

Хийн тэнцвэр алдагдах нь гол төлөв их бачимдахаас болдог. Энэ нь цусны даралт өндөр байхтай бас холбоотой. Бас цээж бачимдах тохиолдол бий. Бид хэн нэгэнд хаягдах, гомдох үед зүрх шархаллаа гэж ярьдаг. Энэ үед маш их сэтгэл санааны дарамтанд ордог. Эдгээр нь аливаа юмыг маш их хүссэнээс хийн тэнцвэр алдагдсан байдал юм. Жишээлбэл бид их мөнгө олох хүсэлдээ хөтлөгдөн зогсоо зайгүй ажилладаг. Энэ үед бидний цусны даралт өндөрсөж, бүх л цаг үед бачимдуу байдаг. Хэрэв бид хэн нэгнээс маш их хамааралтай үед тэд биднийг орхин явах, нас барах зэрэг тохиолдолд бидний ярьдгаар зүрх шархлан үлддэг. Бясалгалыг буруу хийж, өөртөө маш их ачаалал өгсөн хүмүүст бас хийн тэнцвэр алдагдах тохиолдол байна. Бид өөрсдийгөө аливаа зүйлд хэт их шамдуулах үед бидний биеээс хамаг эрч хүч гарч явах ба цээж бачимдах, уцаартай болох хардаж сэрдэх гэх мэт шинж илэрнэ. Гэдэс ходоодны тавгүй байдал нь мөн адил хийн тэнцвэр алдагдсанаас үүснэ. Эдгээр бүх өвчин аливаа зүйлийг маш их хүсэх, сэтгэл зүйн хувьд хамааралтай болохоос шалтгаалдаг.

Шар шингэний тэнцвэр алдагдах нь уур, уцаараас болж бий болдог. Ходоодонд шар шингэн хэт их болох нь мөн уур уцаараас хамаарна. Учир нь шар шингэн пигментацид нөлөөлж байгаа учир бид уурлах үедээ минчийж улайдаг. Бид шарлах үед шар өнгөтэй, уурлах үед улаан өнгөтэй болж байна. Мөн шар шингэнээс шалтгаалсан толгойн өвчин байна. Бас л уур уцаараас болно. Нүд хорсоно. Толгой өвдөнө.

Тунгалаг шингэний тэнцвэр алдагдах нь гэнэн, хаалттай оюун бодолтой холбоотой. Бид өөрийн зөв гэж бодсон зүйлдээ маш их автан бусдын үгийг сонсдоггүй. Эсвэл бид өөрт тааламжгүй хүмүүстэйгээ зүрх сэтгэлээ хэзээ ч нээж харилцдаггүй. Ингэж бид зүрх, сэтгэлээ хааснаас хамрын хөндий битүүрэх, эсвэл хатгаа, гуурсан хоолойн багтраа гэх мэт цээжин хэсгийн өвчин, эсвэл бие хэт хаалттай, хөшүүн болж үе мөчний өвчин, ревматизм тусдаг. Хүний бие оюун ухааны хөшүүн байдлыг бас тусган авдаг гэсэн үг.

Хэдийгээр батлагдсан, бүрэн төгс мэдээлэл гэж хэлэхгүй ч бид дээрх маягийн дүгнэлтүүдийг бусад өвчнүүд дээр ч хийж болно. Хорт хавдартай хүмүүс гол төлөв амьдралдаа маш их хайнга, хөнөөлтэй хандсан байдаг. Миний авга эгч нас барах үед түүний нөхөрт амьд явах сонирхол огт байхгүй болсон байсан. Тэгээд тэрээр амьдралдаа хайнга, хөнөөлтэй байдлаар хандаж эхэлсэн. Удалгүй түүнд ч бас хорт хавдар туссан. Ингээд бие өөрөө, өөрийгөө устгах үйл явц эхэлсэн. Тэрээр жил хүрэхгүй хугацаанд нас барсан. Тэгэхээр амьдралд хандаж буй хандлага хорт хавдартай холбоотой болж байна. Мэдээж бүх хорт хавдрын тохиолдол тийм биш л дээ. Гэхдээ энэ нь бидэнд маш сонирхолтой дүгнэлт хийж бодох боломж өгч байна.

ДОХ-ын үед хүний биед өвчин эсэргүүцэх эсэргүүцэл байхгүй болдог. ДОХ туссан хүмүүсийн дунд өөрийн хар тамхины зуршил, бэлгийн дур хүслээ хязгаарлаж, эсэргүүцэж чаддаггүй байсан нь олон. Тэд өөрийн хүслээ эсэргүүцэж чадаагүйтэй адил бие нь ч бас юуг ч эсэргүүцэхгүй болсон байна. Энэ бүхэн миний хувьд Төвдийн Анагаах ухаанд буй яг практик эмчилгээний ач тусаас илүүтэй сонирхол татдаг зүйлс юм.

Өвчний онош

Одоо бүгдээрээ үндсэн Анагаах ухааны асуудалдаа орцгооё. Өвчнийг оношлохдоо асуулт тавих, нүдээрээ харж үнэлэх, судасны цохилт шалгах замаар анхлан оношилдог. Төвдүүд асуулт тавихыг нэг их чухалчилж үздэггүй. Харин сүүлийн хоёр шалгуурт их анхаардаг. Нүдээрээ харж үнэлэхдээ хэлийг гаргуулж харах боловч хамгийн гол хардаг зүйл нь шээсний өнгө. Эмч нар нь өглөөний өлөн шээсийг хардаг. Шээсийг эмчид тунгалаг, эсвэл цагаан өнгийн саванд хийн авчирч өгдөг. Эмч шээсийг саваагаар хутгаж үздэг. Дараа нь ажиглана. Эхлээд өнгийг харна. Дараа нь саваагаа хутгах үед үүсч байгаа хөөс хэр том хэмжээтэй байна, хэр удаан хөөсөрч байна гэдгийг харна. Хөөс хэрхэн алга болж байна, хэр тослог байна гэдгийг бас харна. Шээс хэр өтгөн, хэр шингэн байна гэдгийг харна. Тундас байна уу гэдгийг харна. Бас элдвийн үнэр байна уу гэдгийг шалгана. Хэрэв шээсийг бүлээн байх үед авчирвал хөрөх үедээ хэрхэн өнгөө сольж байгааг харна. Энэ бүхний дараа тэд өвчний маш нарийн онош тавьдаг.

Шээсээр оношлох нь маш сайн хөгжсөн систем. Тэд судсаар оношлох үедээ өвчтөний нас, хүйс, тухайн үеийн цаг агаарын байдлыг харгалзана. Тэд шээсийг шинжлэхдээ хэр удсан болохыг бас харгалзан үздэг. Үүний үндсэн дээр эмч 1-2 долоо хоног хадгалсан шээсийг шинжилдэг. Учир нь Төвдөд эмчид шээсийг авч ирэхийн тулд сарлаг унан 1-2 долоо хоног болж байж очих тохиолдол их бий. Орчин үед заримдаа Энэтхэг рүү агаарын тээврээр явуулах нь ч бий.

Судасны цохилтыг бас шалгана. Энэ нь бас л их сайн хөгжсөн. Эмч бугуйн дээр эрхий хуруун талд гурван хуруугаа тавьж судасны цохилт шалгадаг. Эмчийн хуруу бүрийн даралтын хэмжээ өөр, өөр байна. Долоовор хуруу судасны өнгөн хэсэгт хөнгөн, дунд хуруу арай хүчтэй, ядам хуруу аль болох хүчтэй дардаг. Хуруу бүр хоёр тийш бага бага хөдөлнө. Хоёр бугуйг аль алиныг нь шалгадаг. Ингэснээр хүний бие эрхтний бүрэн онош тавьдаг.

Эмч амьсгалынхаа хэмнэлттэй жиших замаар судасны лугшилтыг хэмждэг. Эртний Төвдөд бугуйн цаг гэж байсангүй. Иймд эмч нар нь жишээлбэл 10 удаа амьсгаа авах хугацаанд хэдэн удаа лугшиж байна гэдгийг тоолох гэх мэтээр хэмждэг байж. Мөн судсыг дараад үзэхэд яаж байна гэдгийг анхаарч үзнэ. Судас цааш шигдэж байна уу эсвэл буцаж хүчтэй төвийж гарч ирж байна уу гэдгийг харна. Артерийн судсаар урсаж буй цусны урсгалыг гурван хуруугаар мэдэрч оношилно. Мөн судасны “хэлбэр” их чухал. Эргүүлэгтэй байна уу, эсвэл хурц эргэлттэй байна уу эсвэл мурилзсан хэлбэртэй байна уу гэдгийг анхаарна. Маш олон хүчин зүйлийг анхаарна. Эмчийн хуруу мэдээж маш их мэдрэмжтэй байх хэрэгтэй. Энэтхэгийн Хиндү уламжлалтай Аюурведик систем, Хятадын Анагаах ухаанд судас барьж оношилдог ч бүх Анагаах ухааны системүүд хоорондоо өөр өөр байдаг. Харин шээсний шинжилгээ нь зөвхөн Төвдийн анагаах ухаанд л байдаг юм шиг санагдсан.

Эмчилгээ

Эдгээр хүчин зүйлсийг үнэлж үзсэний дараа эмч оношилгоо хийдэг. Дараа нь мэдээж эмчилгээ хийх хэрэгтэй. Эмчилгээ нь хоолны дэглэм, зан үйлийг тохируулах, эм өгөх гэх мэт арга замаар хийгдэнэ. Гэхдээ өөр бусад төрөл бүрийн өвчний нөхцөл байдалд тохируулан өөр өөр эмчилгээний аргуудыг, жишээ нь зүү тавих, утлага хийх буюу биеийн хэсэг газрыг төөнөх гэх мэт олон аргаар хийж болдог.

Хоолны дэглэм

Хэрвээ бидний хийн тэнцвэр алдагдсан бол зарим төрлийн хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Жишээлбэл кофенд байх коффейн нь хийн тэнцвэрийг алдагдуулдаг. Өөрөөр хэлбэл бидний мэдрэлийг хэт ачаалж, цусны даралтыг өндөр байлгадаг. Ургамлын үр жишээлбэл шош, буурцаг идэх нь гэдэс дүүргэж хий үүсгэдэг. Шар шингэний тэнцвэр алдагдах үед өндөг, шарсан, тослог зүйл идэх нь муу үр дагавартай. Тунгалаг шингэний тэнцвэр алдагдах үед цагаан идээ, цагаан будаа гэх мэт тунгалаг шингэн их ялгаруулдаг хүсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Баруунд ч бас үүнийг мэднэ. Харин өөр төрлийн хүнсний зүйл, жишээлбэл халуун ус уух нь тунгалаг шингэний тэнвцэр алдагдах үед их хэрэгтэй. Учир нь халуун ус нь ихээр ялгарсан тунгалаг шингэнийг хөөдөг.

Зан үйлийг засах

Зан үйлийг засах гэдэгт жишээ нь хийн тэнцвэр алдагдсан үед дулаан байж, дотны найз нөхөдтэйгээ хамт байх хэрэгтэй. Хийн тэнцвэр алдагдсан үед инээд маш чухал эм болдог. Инээд нь гунигласан, мэдрэл ихээр ачаалагдсан үед амралт болж өгдөг. Байгалийн сайхан, алсыг харах нь бас их чухал. Сэнс болон салхины өмнө зогсохгүй байх хэрэгтэй. Зүлэг тэгшлэгч, агааржуулагч гэх мэт хүчтэй, дуу ихтэй төхөөрөмж өвчтөнүүдийн мэдрэлийг их ачаалдаг. Шар шингэний тэнцвэр алдагдсан үед сэрүүн газар байж, нарнаас хол байхыг зөвлөдөг. Тунгалаг шингэний тэнцвэр алдагдах үед дасгал, хөдөлгөөн хийх, дулаан газар байх нь их тустай. Ингэснээр үе, мөчний уян хатан чанарыг дээшлүүлж, тунгалаг шингэнийг хөөхөд тустай.

Эм

Төвдийн анагаах ухаанд эм өгөх нь нилээд чухал эмчилгээнд тооцогддог. Эм нь гол төлөв ургамлын гаралтай байдаг. Мөн төрөл бүрийн минерал бодис агуулдаг. Эмэнд 50 гаруй төрлийн орц орсон байх ч болно. Эдгээр орцыг хольж нухаад үрэл хэлбэртэй болгосон байх нь элбэг. Эдгээр үрлийг зажилж, халуун усаар даруулж уудаг. Хэрвээ бид үрлийг зажлахгүй, шууд залгих юм бол бидний биед шингэлгүй гадагшлах магадлалтай. Эдгээр үрэл нь маш хатуу. Төвдүүд маш сайн шүдтэй. Хэрвээ зажлахад хэцүү байвал жижиг алчууранд ч юм уу боож байгаад алхаар цохиж бутлах хэрэгтэй.

Эмийг хоол идэхийн өмнө болон хойно гучин минутын зайтай иддэг. Заримдаа үдээс хойш дөрвөн цагийн орчимд уух нэмэлт дөрөв дэх үрлийг өгдөг. Учир нь Төвдүүд өдөр арван хоёр цагт үдийн хоолоо иддэг. Энд Мексикт эсвэл бусад Латин улсын орнуудад танд дөрвөн төрлийн үрэл өгсөн байвал үдийн хоолны үед идэх үрлээ арван хоёр цаг, дөрвөн цагт идэх үрлээ үдээс хойших хоолныхоо дараа идэх хэрэгтэй.

Төвдийн эмний нэг сайн тал нь маш ховор тохиолдлыг эс тооцвол хүний биед харшлах зүйл огт байдаггүй. Төвдийн эмийг гомеопат шинж чанартай гэж хэлж болох боловч өвчин үүсгэгчийг бага тунгаар өгдөг гэсэн утгаар биш өвчнийг биеийн нэг хэсэгт ихээр цуглуулж, төвлөрүүлж устгадаг гэсэн утгаар нь ингэж тодорхойлдог. Ийм учраас эхэндээ өвчин улам хүндрэх шинжтэй болдог. Гэхдээ бүх тохиолдолд ингэдэггүй. Энэ нь тухайн эм өвчнийг цуглуулж байгаад устгах үйлчлэлээ үзүүлж байна гэсэн үг. Иймээс тэвчээртэй байж эхний хүндрэлийг давах хэрэгтэй.

Эмийг уухдаа зажлах нь шингэцэнд сайнаар нөлөөлөхдөө гол нь биш, бас амтыг мэдрэх чухал. Амт нь гол төлөв маш муухай амт байдаг. Та өмнө нь бараг ийм муухай амт байдаг гэж огт бодож байгаагүй тийм амт мэдрэх болно. Амт нь амны хөндий болон хоол боловсруулах эрхтний төрөл бүрийн шүүс ялгаруулахад чухал үүрэгтэй. Эмийн үүрэг нь хүний биеэс төрөл бүрийн энзим ялгаруулахад бас оршдог. Тиймээс тухайн эмийн амтыг тэвчих хэрэгтэй.

Нэг сонирхолтой зүйл нь Төвдийн эм болон эмийн орц нь амтны төрлөөсөө шалтгаалан ангилагддаг. Гэтэл Хятад эм таван махбоди, инг, яанг гэх мэтээр ангилагдсан байдаг. Аюурведик уламжлалд ч эмийг ражас, саттва, тамас гэх шинж чанараар нь ялган ангилсан байдаг. Төвдийн эмч нар эмээ гол амтагдах амт, идэж дууссан хойно амтагдах амтаар ялган ангилсан байдаг. Амтнаас шалтгаалж өвчин бүрт өөр өөр эм өгдөг.

Мөн арван найм орчим төрлийн хоол, эмийн ургамлыг ангилсан систем бий. Өөр нэг сонирхолтой зүйл бол эмийн ургамал, хүнсний ногоо нь хаана ургасан байх их чухал. Жишээ нь салхи ихтэй газар ургасан хүнсний ногоо, эмийн ургамал нь хуурай газар ургасан ургамалаас зарим эмийн шинж чанараар өөр гэж үздэг. Тиймээс эмийн ургамлыг тарьж ургуулах нь их асуудалтай. Учир нь тухайн ургамал өөрийн байгалийн нөхцөлд ургах хэрэгтэй байдаг.

Массаж болон зүү тавилт

Төвдийн анагаах ухаанд массаж нэг их чухал байр суурь эзэлдэггүй. Зарим тохиолдолд эмийн үйлчилгээтэй тос түрхэх үед бага зэрэг иллэг хийх боловч ямар нэг үйлчилгээ, нөлөө үзүүлэх массаж хийдэггүй. Төвдийн анагаах ухаанд Японы Рейки системтэй адил гэрлэн биед (аурад) нөлөөлөх оролдлого байдаггүй. Зүү тавих арга нь Хятадынхаас нэлээд ялгаатай. Зүү тавих цэгүүд болон энергийн урсгал явах судлуудыг тодорхойлсон байдал нь ялгаатай. Хэрэглэдэг зүү нь хүртэл ялгаатай. Төвдүүд төрөл бүрийн материалаар хийсэн зүү ашигладаг. Алтан зүү нь маш өргөн хэрэглэгддэг. Энэ зүү нь толгойн оройн зөөлөн хэсэгт төрөл бүрийн мэдрэлийг идэвхжүүлэх зорилгоор тавигддаг. Гол төлөв татаж унах өвчний үед тавигдана.

Төөнөх

Мокса гэдэг нь биеийн тодорхой хэсгүүдэд дулааны үйлчлэл, төөнүүр тавихыг хэлдэг. Эдгээр нь зүү тавих цэгүүд дээр тавигддаг. Өндөрлөг, хүйтэн газар мокса хийх нь илүү үр дүнтэй байдаг бол нам дор, халуун газар зүү тавих нь илүү үр дүнтэй. Гэхдээ зарим тодорхой өвчинд мокса хийхийг зөвлөдөг.

Онолын дагуу хүний биеийн гол энерги дамжуулах сувгууд битүүрсэн байдаг учраас төөнүүр, зүү тавих зэргээр тухайн сувгийг чөлөөлж байна гэж үздэг. Төөнүүрийн халууны хэмжээ өөр өөр байдаг. Хамгийн зөөлөн төөнүүр нь модон суурин дээр тавьсан тодорхой төрлийн чулуу юм. Энэ чулууг зи чулуу гэх бөгөөд цагаан өнгөтэй, хар судалтай Төвдөд их олддог чулуу юм. Чулууг модон тавцан дээр үрэлтээр халаах бөгөөд халсны дараа биеийн тусгай цэгүүдэд тавина. Энэ маш их үр дүнтэй эмчилгээ. Би хэд хэдэн удаа өвдөхдөө энэ эмчилгээг бараг хэдэн зуун удаа хийлгэсэн байх. Одоо арай дэлгэрүүлж ярьж өгье.

Надад нэг удаа үе мөчний ревматизмын анхан шатны шинж тэмдгүүд илэрч мөр болон ташаагаар хавдаж өвдсөн юм. Эмч надад Төвдүүдийн хэлдгээр “тунгалаг шингэн” нэмэгдүүлэх эм өгч дараа нь төөнүүр хийсэн юм. Тэр энэ эмчилгээгээ гурваас дөрвөн жилийн турш хийсэн. Төөнүүр тийм ч хэцүү биш. Тамхины галын хэмжээтэй л төөнөнө. Нэг их өвдөхгүй. Маш их эртний эмчилгээ шиг санагдаж байсан. Би үүнийг Барууны анагаах ухааны үүднээс тайлбарлаж мэдэхгүй. Гэхдээ миний ойлгож байгаагаар миний үенүүд дээр байдаг тунгалагийн булчирхайнууд хавдсан, магадгүй миний үенд байх синовиал шингэнтэй холбоотой ч байж болох тийм л асуудал үүссэн байлаа. Ямар ч байсан эмч миний өвдөж байсан үенүүд дээр төөнүүр хийж миний үенд даралт үүсгэн өвтгөж байсан үений шингэн нь цэврүү маягийн зүйл болон хувирсан юм болов уу гэж бодож байна. Учир нь төөнүүр хийнгүүт л миний өвчин алга болсон. Миний бас нэг таамаг бол төөнүүр хийж буй цэгүүдэд цочрол үүсч тухайн хэсэгт цусны цагаан эсийг ихээр цуглуулдаг нь улмаар өвчнийг анагаах үндэс болдог гэж ойлгож байгаа. Энэ эмчилгээ надад үнэхээр тусалсан бөгөөд одоо би бүрэн эмчлэгдсэн.

Надад өөр бас нэг өвчин байсан. Ууланд дээш доош их алхах үед заримдаа өвдгөн тус газар яс, шөрмөс хоорондоо хавиралдаж эхлэх тохиолдол бий. Энэ үед их өвддөг. Намайг үзсэн Барууны эмч алхах үедээ өвдгөөрөө боолт хийхийг зөвлөсөн. Үнэтэй зөвлөлгөө өгсөнд их баярлаад өнгөрсөн. Дараа нь Хятад аргаар зүү тавиулсан. Бас л тус болоогүй. Удалгүй би Энэтхэгт очиж өөрийн Төвд эмчдээ үзүүлсэн. Тэр миний өвдгөнд болон хөлний арай дээгүүр хэсэгт төөнүүр хийгээд би бүрэн эдгэсэн. Тэгэхээр би хувийн туршлага дээрээ үндэслэн мокса төөнүүрийг маш их үр дүнтэй эмчилгээ юм гэсэн дүгнэлт хийсэн.

Өөр арай ширүүн төөнүүрийг төмөр болон мөнгөн савааг нүүрсний галд улайсгаж байгаад хийдэг. Би энэ аргыг гол нурууны муруй гажигийг засахад ашиглаж байхыг харсан. Тэд нурууны ясны хажууд тодорхой цэгт төөнөж маш хүчтэй өвдөлт үүсгэдэг учир хүний бие өөрөө, өөрийгөө шууд засдаг бололтой. Мэдээж энэ бүхэн маш эртний санагдаж байгаа. Гэхдээ үнэхээр үр нөлөөгөө үзүүлдэг юм.

Өөр нэг төрлийн ширүүн төөнүүр нь тодорхой төрлийн удаан шатдаг гурвалжин хэлбэртэй зүйлийг тавьдаг. Энэ төрлийн төөнүүрийг үе мөчний болон ревматизмын нэлээд хүндэрсэн, үе мөчөө хөдөлгөж чадахгүй байгаа өвчний үед ашигладаг.

Бусад эмчилгээний арга

Арьсны өвчинд зориулсан өөх тосыг эмийн ургамалтай хольж хийсэн тосон түрхлэгүүд байдаг. Мөн бүдүүн гэдсэнд бургуй хийхэд зориулсан эмийн ургамалаар хийсэн бэлдмэл байдаг. Мөн хахөндийн элдвийн өвчинд зориулсан хамартаа сорж ашигладаг нунтагууд байдаг. Мөн Төвдүүд халуун рашааныг их хэрэглэдэг.

Сургалт

Төвдийн Анагаах ухааны сургалт маш их урт хугацаанд үргэлжилдэг. Эмч нар нь долоон жилийн турш суралцдаг бөгөөд зөвхөн хүн эмчлээд зогсохгүй мал, амьтан эмчилж сурдаг. Мөн дээрээс нь эм зүй судалсан байдаг. Тэд эмийн ургамалыг таних, цуглуулах, эм бэлтгэх гээд бүгдийг сурдаг.

Зурхай

Төвдийн системд бас Зурхайг судалдаг. Төвдийн Зурхайд хүний төрсөн жил их чухал. Тухайн хүний төрсөн жилээс хамааран долоо хоногийн аль нэг өдөр нь аминд тустай, эсвэл аминд харш байдаг. Хэрэв эмч нар төөнүүр гэх мэт нилээд хүчтэй эмчилгээ хийх гэж байгаа бол зурхайчтай зөвлөж долоо хоногийн аль өдөр хийхээ тогтоодог. Гэхдээ яаралтай, цаг хугацаа бага байгаа үед заавал ингэх шаардлага байдаггүй.

Мэс засал

Төвдийн анагаах ухаанд эрт дээр үеэс мэс засал гэж хэлж болохоор зүйл байсан. Бидэнд тухайн мэс засалд ашигладаг зэмсгүүдийн зураг байна. Нэг удаа хааны хатанд зүрхний мэс засал хийгээд амжилтгүй болсноос хойш мэс засал хийхийг хориглосон ажээ. Баруунд мэс засал хийлгэх шаардлагатай болдог жишээлбэл, олгойн үрэвсэл гэх мэт өвчнийг Төвдийн Анагаах ухаанд эмийн ургамлаар эмчилдэг. Машины осолд орсон байлаа гэхэд Төвдийн Анагаах ухаанд ясыг эвэнд нь оруулах, тайвшруулах, эдгэлт, ургалтыг түргэсгэх маш сайн аргууд бий. Гэхдээ мэс засал зайлшгүй шаардлагатай үед Барууны эмнэлэгт очсон нь дээр.

Миний хэлэх гээд байгаа санаа нь бид аль нэг Анагаах ухааны системд бүх итгэл найдвараа тавих хэрэггүй л гэх гээд байгаа юм. Дэлхийд маш олон төрлийн өвчинд зориулсан маш олон төрлийн анагаахын систем бий. Төвдийн Анагаах ухаанд цэцэг өвчин, сүрьеэ гэх мэт өвчнийг огт эмчилж байгаагүй. Гэхдээ Баруунд эмчилж чаддаггүй үе мөчний өвчин, гепатит зэрэг өвчнийг маш сайн эмчилж байсан тохиолдлууд бий. Төвдийн Анагаах ухаанд зарим төрлийн хорт хавдрын эсрэг их сайн эмчилгээ байдаг. Хэдийгээр хорт хавдрыг бүрэн эмчлэхгүй ч өвчнийг намдааж, өвчтөний сүүлийн жилүүдийг илүү аятай сайхан байлгадаг.

Орчин үеийн хөгжил

Эртний судар бичгүүдэд шинэ өвчнүүд бий болох тухай дурдсан байдаг нь их сонирхол татдаг. Үнэхээр өнөөдөр бидэнд ДОХ, бусад орчны бохирдлоос үүссэн шинэ өвчнүүд сонсогдох болсон. Мөн судар бичигт шинэ өвчинд эм бэлтгэх талаар бичсэн байдаг ч бага зэрэг ойлгомжгүй байдаг. Дээрхийн Гэгээн Далай ламын ахлах эмч Доктор Тэнзин Чойдог анх удаа энэ судар бичгүүдийг судалж, тайлбарлаад, шинэ эм бэлдэж гаргасан.

Эдгээр эмийн нилээд хэсэг нь хоргүйжүүлсэн мөнгөн уснаас гаргаж авсан найрлагатай. Үүнийг бусад орцуудтай хольж хэдэн сарын турш бэлдэх бөгөөд хоргүйжүүлэх явц маш удаан үргэлжилдэг. Энэ эм нь орчны бохирдолтой холбоотой өвчинд маш их үр нөлөөтэй бөгөөд өнөөдөр орчны бохирдолтой холбоотой өвчлөл бидний дунд маш их байна. Энэ төрлийн эмээр Энэтхэгт болсон Бхопалын химийн гамшигийн үед өвчилсөн хүмүүсийг маш амжилттай эмчилж байв. Хэдэн жилийн өмнө надад Доктор Тэнзин Чойдогтой Орос улсад хамт аялах завшаан тохиолдсон юм. Түүнийг Орос улсын Эрүүл Мэндийн яамнас урьсан байсан бөгөөд тэрээр аялах үедээ өөрийн эмийг Чернобилийн ослын хохирогчдод өгч байлаа. Эхний үр дүн маш сайн гарсан юм. Ингэж Төвдийн Анагаах ухаан хэдийгээр эртний, нарийн төвөгтэй систем хэдий ч орчин үеийн өвчинд тохируулан үр дүнтэй ашиглаж болох нь харагдсан юм. Мөн өөр олон төрлийн өвчинд үр дүнтэй ашиглагдах нь бас харагдсан.

Эмчилгээнд бодитойгоор хандах нь

Бид Төвдийн эмчилгээнээс ид шидийн юм шиг үр дүн хүлээх ёсгүй. Мөн бид үйлийн үрийн талаар бодох ёстой. Яг адил өвчин туссан хоёр хүнд яг адил эмчилгээ хийхэд нэгэнд нь тусалж, нөгөөд нь тусалдаггүй. Маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Өнгөрсөн амьдралын үйлийн үр нь үргэлжлэн, эмчилгээнд, эмчилж буй эмчид нөлөөлж байж болно. Хэрэв тухайн өвчтөн өвчнөөсөө ангижирах хангалттай буян хураагаагүй бол ямар ч эмчилгээ, ямар ч эмч тус болохгүй. Бид ямар ч Анагаах ухааны системд, Төвдийн системд ч ялгаагүй бодитойгоор хандах хэрэгтэй. Мөн бид аливаа зүйлд эерэгээр хандах хэрэгтэй. Энэ нь бидний дархлаанд сайнаар нөлөөлдөг нь ойлгомжтой болсон шүү дээ. Гэхдээ бид ид шид тохиолдохыг хүлээж болохгүй. Эмчилгээ хүссэн үр дүнд хүрэхгүй бол эмчийг шүүхэд өгч болохгүй.

Асуулт хариулт

Асуулт: Та эмчилгээний ёслолын талаар жаахан тодруулж ярихгүй юу?

Хариулт: Эмчилгээний ёслол нь бидний өмнө ярьсан үйлийн үртэй холбоотой сэдэвтэй адил. Төсөөлсөн буюу психосоматик өвчин нь муу зүгийн хүчээр үүсгэгддэг. Энэ үед ёслол, мөргөлөөр гол төлөв эмчилдэг. Үндсэн эмчилгээнээс гадна Төвдүүд Пужа буюу мөргөлийн ёслол үйлддэг. Ямар ч эмчилгээ хийхгүйгээр Пужа ёслол хийж болохгүй л дээ. Хэрвээ ингэж эмчилбэл одоо миний ярих түүхтэй адил юм болох байх.

Нэг эр бурханд мөргөж туслахыг гуйж байна гэнэ. Бурхан "Чамд юу хэрэгтэй вэ?" гэж асуув. Мань эр ч "Би сугалаанд хожихыг хүсч байна." гэжээ. Бурхан "За." гэж хэлээд таг болов. Нөгөө эр хүлээгээд л байдаг юу ч болсонгүй. Тэгээд дахиад л бурханд мөргөж эхлэв. "Бурхан минь, та яагаад намайг орхиод явчихав аа?” гэхэд бурхан "Тэнэг минь, явж сугалаагаа худалдаж аваач!" гэж хэлж гэнэ.

Тэгэхээр бид хэрвээ сугалаагаа худалдаж авахгүй л юм бол ёслол, мөргөл тус болохгүй. Өөрөөр хэлбэл бид эмээ бас уух ёстой. Ингэж байж бидний өвчинг эдгээхэд тус болно. Гэхдээ ид шидийг хүлээж болохгүй. Хэрвээ бидний хураасан буян хангалттай байвал энэ ёслол, мөргөл тус болно. Бид эдгээр мөргөл, ёслолд бодитой хандах ёстой. Энэ бүхэн бидэнд итгэл найдвар авчрах хэдий ч, зөвхөн үндсэн Анагаах ухааны эмчилгээний дагавар төдий л зүйл юм. Энд ямар ч ид шидийн зүйл байхгүй.

Асуулт: Та үнэт чулуугаар хийсэн эмийн талаар ярьж өгөхгүй юу?

Хариулт: Төвдийн анагаах ухаанд тэдний хэлдэгээр "эрдэнийн үрэл" гэж хоргүйжүүлсэн мөнгөн ус, зарим төрлийн үнэт чулуу, металын хольцтой эм бий. Миний мэдэхээр тэд алмазны тоос, алт, мөнгө ашигладаг. Зарим төрлийн минерал бодис бас ашигладаг. Гэхдээ би яг сайн мэдэхгүй. Эдгээр эрдэнийн үрэл нь хор тайлах гэх мэт эмчилгээнд ашиглагддаг. Эдээр үрлийг өнгийн торгонд ороож лацдасан байдаг. Учир нь үрлийг гэрэлд гаргаж болохгүй гэж үздэг. Уух үедээ гэрэлд гаргахыг хориглодог. Заримдаа шаазан аяганд усанд хийж таглаад дэвтээдэг. Заримдаа шууд торгоноос задлаад ам руугаа хийдэг.

Асуулт: Таны хийн тэнцвэр алдагдах үед эмч танд халуун эсвэл хүйтэн усанд орохыг зөвлөж байсан уу?

Хариулт: Үгүй. Тэд усанд орох талаар юу ч хэлээгүй. Зарим хийн өвчин халуун, зарим нь хүйтэн шинж чанартай байдаг гэж үздэг. Заримд нь дулаан байх хэрэгтэй байдаг. Тиймээс магадгүй халуун усанд орох нь тус болж болох юм. Гэхдээ саунд орж болохгүй. Хэрвээ бид саунд орох юм бол цусны даралт ихсэх бөгөөд энэ нь хийн тэнцвэр алдагдсан үед сөргөөр нөлөөлдөг. Халуудах нь шар усны тэнцвэр алдагдах үед муу нөлөөтэй. Тунгалагийн шингэний тэнцвэр алдагдах үед хөлрөх их сайн. Хөлрөх үед илүүдэл тунгалагийн шингэн гадагшилдаг. Тэгэхээр саун сайн байж болох юм.

Асуулт: Өвчнийг ямар нэг шинж тэмдэг илрэхээс өмнө оношилж болох уу?

Хариулт: Төвдүүд өвчнийг тусах боломжтой буюу тусах хандлагатай үед нь эмчилдэг. Би яг одоо Төвд эм ууж байгаа. Энэ эм нь миний ирээдүйд муудаж магадгүй нүдэнд зориулсан эм. Миний нүдтэй одоогоор ямар ч асуудал тулгараагүй. Гэхдээ энэ нь алсыг харсан эмчилгээ.

Асуулт: Манай нөхцөлд жишээ нь Төвд эм ууж байгаад эм дууссан үед, Төвд эмчтэй уулзах боломжгүй үед адил төстэй ямар эм эмчилгээ байгаа вэ?

Хариулт: Баруунд аль нэг системийг илүү төстэй гэж хэлэх хэцүү. Барууны эмчилгээг оруулахгүйгээр магадгүй Хятад, Аюурведик эмчилгээ төстэй байж болох юм. Төвдийн уламжлалд цай болгон уух зориулалттай нунтаг өгдөг. Гэхдээ энэ нь Хятадын системд өгдөг цайтай адилгүй. Хятадын системд орцыг хооронд нь хольдоггүй. Тэд дөрөв буюу таван төрлийн орц өгөөд бид өөрсдөө цайгаа хийдэг. Орчин үед Хятадууд үрэл хийх болсон. Өмнө нь тэд үрэл хийдэггүй байсан.

Хэрвээ бидэнд Төвд эм туслах юм бол нэмж авч болно. Хэрвээ танд бичиж өгсөн жор байгаа бол түүний хуулбарыг, өглөөний өлөн шээсийг хагарахааргүй хуванцар саванд хийж өгч явуулах хэрэгтэй. Гаалийн ажилтанд зориулаад савны гадна талд “шээсний дээж” гэж бичихэд болно.

Асуулт: Эдгээр эмийг хийхэд ямар нэг ариун цэврийн дэглэм баримталдаг уу?

Хариулт: Эмийн ургамалыг угааж, наранд хатаадаг. Гэхдээ би тэдний бэлтгэдэг арга Барууны ариун цэврийн стандарт шаардлагыг хангадаг гэж хэлж чадахгүй. Гэхдээ би хэн нэгэн эм ууснаас гэдэс нь өвдсөн гэж сонсоогүй. Гэхдээ Баруунд нэг хүндэрсэн хорт хавдартай настай эрэгтэй хүн эм уугаад доош гүйлгэснийг мэдэх юм байна.

Асуулт: Шээс хуванцар саванд байх үед найрлага нь өөрчлөгдөж бохирдохгүй юу?

Хариулт: Юуны өмнө шампуний саваа сайн угаах хэрэгтэй. Шээс хуванцартай нэг их урвалд ордоггүй.

Асуулт: Төвдийн Анагаах ухааныг Барууны Анагаах ухаантай хослуулж хэрэглэж болох уу?

Хариулт: Зарим үед хослуулдаг. Эмүүдийг зэрэг ууж болохгүй гэж зөвлөдөг. Эмүүдийн хооронд хэдэн цагийн зайтай байх хэрэгтэй. Заримдаа хүчтэй витаминууд шээсний өнгийг өөрчилдөг. Тиймээс Төвд эмчид үзүүлэхийн өмнө нэг өдөр витамин, нэн ялангуяа В витамин ууж болохгүй.

Асуулт: Хэрвээ өвчтөн эмчлэгдэх боломжгүй бол Төвдийн эмч нар өвчтөний хүслээр амийг нь авах үйлдэл хийдэг үү?

Хариулт: Үгүй. Тэд ийм зүйл хийдэггүй. Тэд өвдөлтийг аль болох бага байлгаж, өвчтөнийг аль болох зовиургүй байлгах гэж оролддог. Бурханы шашны хандлагад үйлийн үрийг өөрөөр нь төгсгөх ёстой гэж үздэг. Мэдээж Төвдүүдэд Баруунтай адил амь насыг нь хиймлээр бариад байдаг төхөөрөмж байгаагүй.

Асуулт: Баруунд нохойг амраахын тулд амийг авах явдал түгээмэл байдаг. Төвдүүд ийм зүйл хийх үү?

Хариулт: Бурханы шашны үзлээр үүнийг зөвлөхгүй. Мэдээж энэ нь тухайн нөхцөл байдалтай уялдах ёстой. Бид нөхцөл байдал бүрийг үнэлэх хэрэгтэй. Дээрхийн Гэгээн Далай лам ч бас ингэж хэлсэн. Хэрвээ эм, тариа хангалтгүй байгаа үед хэн нэгэн тэртэй тэргүй нас барах хүний амийг маш их эм тарианы нөөц зарцуулан байж, хэсэг хугацаанд барих эсвэл хажууд нь буй хэн нэгэн эдгэх боломжтой хүнд тухайн эм тариаг зарцуулах нөхцөл байдал үүслээ гэхэд хэдийгээр хүнд ч гэсэн зөв шийдвэрийг гаргах хэрэгтэй болно.

Асуулт: Тодорхой төрлийн өвчнийг эмчилэхэд зориулсан хугацааны хязгаар гэж байгаа юу?

Хариулт: Мэдэхгүй юм. Төвдүүд эмчилгээ эхлэхийн өмнө эсвэл эмчилгээ амжилтгүй болсон үед ламаас очиж адис авдаг. Лам тэр үед эмчилгээтэй хавсарч Пужа ёслол хийхийг зөвлөдөг. Энэтхэгт Төвдийн эсвэл Барууны анагаахын системийн алийг ашиглахыг асуудаг. Хэрвээ Төвдийнх бол ямар эмчээр эмчлүүлэхийг асуудаг. Зарим хүмүүс тодорхой нэг эмчтэй үйлийн үрээр холбогдсон байдаг. Заримдаа тодорхой төрлийн өвчнийг тодорхой эмч нар сайн эмчилдэг.

Баруунд ийм урьдчилсан зөвлөлгөөн хийх их хэцүү. Төвдийн эмчилгээ ихэнхдээ шууд үр нөлөөгөө үзүүлдэггүй. Жишээ нь бидний гуурсан хоолой багтрахад Төвд эмнэлэгт уушигний агаар авах замыг шууд нээхгүй. Гэхдээ нэг удаа би Энэтхэгт байхдаа гепатитаар халдварласан юм. Төвд эм уугаад нэг өдөр хагас болоод би орноосоо босож байсан. Энэ бол Баруунд боломжгүй зүйл.

Асуулт: Төвдийн Анагаах ухаан Бөөгийн шашны бөөгийн урсгалтай холилдох үе бий юу?

Хариулт: Ямар мөргөл, ёслол тохиромжтой, ямар нь тохиромжгүй, ямар сүнсний хүчийг дуудах зэрэг асуудлыг урьдчилан зөвлөх энэ бүхэл бүтэн систем нь өөрөө Бөөгийн шашнаас уламжлан ирсэн. Зурхай ч мөн Бөөгийн шашны системд байсан.

Асуулт: Төвдийн анагаах ухаанд шүдийг хэрхэн эмчилдэг вэ?

Хариулт: Би эхлэхэд хэлсэн. Би бол эмч биш гэж. Би техникийн нарийн асуултуудад хариулж мэдэхгүй. Уучлаарай. Гэхдээ бид шүдний өвчнийг нянгаар үүсгэгдсэн гэж үздэг шүү дээ. Шүдний цоорлыг ч мөн адил. Тэдэнд шүдний эмчилгээний сайн хөгжсөн арга байхгүй. Би хэзээ ч шүдний эмчилгээ хийж байгааг хараагүй. Тэдний хэлдгээр “шүднээс хорхойг нь авах” гэж ойлголт байдаг. Миний бодлоор энэ нь шүдний мэдрэлийг авахыг хэлсэн болов уу. Ялзарсан шүдийг сугалж авахаас бусдаар шүдний эмчилгээ нэг их байдаггүй байх. Төвдүүд маш сайн шүдтэй хүмүүс. Магадгүй энэ нь тэдний үе дамжин цагаан идээ хэрэглэж ирсэнтэй холбоотой байх.

Асуулт: Доктор Чойдог зарим өвчин муу савдагийн хүчээр үүсгэгддэг гэж хэлсэн. Та энэ талаар ярьж өгөхгүй юу?

Хариулт: Энэ миний өмнө дурдсан төсөөлөгдсөн өвчний бүлэгт орно. Бид савдгийг яаж ойлгож байна гэдгээс их зүйл хамаарна. Савдаг гэхээр цагаан нөмрөг нөмрөөд муухай хашгирдаг зүйл байх уу, эсвэл арай илүү зүйрлэл маягаар ойлгож, жишээ нь дайны муу нөлөөгөөр хэн нэгэн солиоролд автсан тохиолдлыг авч үзэх үү гэдгийг бодох хэрэгтэй. Хэн нэгнийг солиороход хүргэсэн ямар орчин, нөхцөл байна, тухайн тэр нөхцлийг муу савдгийн хүчин зүйл гэж ойлгож болно. Төвдүүд өвчнийг нага гэх савдаг үүсгэдэг гэж ярьдаг. Нага гэдэг нь нуур, ой шугуйн савдаг юм. Бид савдгийн орших орчинг нь бохирдуулах юм бол тэд бидэнд хариу барьдаг. Үүнийг экологийн сүйрлээс үүдэлтэй өвчнийг тайлбарлаж байгаа хэлбэр гэж ойлгож болно.

Асуулт: Тэгвэл хар ид шид, шулмын хорлолоор үүсгэгдсэн өвчин байх уу?

Хариулт: Төвдүүдэд ийм зүйлийг даван гарахад зориулсан мөргөл, ёслолууд бий. Төвдүүд энэ бүхнийг маш нухацтай авч үздэг. Эдгээр нь төсөөлөгдсөн өвчний бүлэгт багтна. "Төсөөлөгдсөн" гэдэг нь сайн орчуулга биш байх. Гэхдээ шууд үгчилсэн утга нь л энэ юм.

Асуулт: Тодорхой өвчинд зориулсан бясалгал байх уу?

Хариулт: Би ханиад хүрэх, гэдэс өвдөхөд хийдэг бясалгал гэж мэдэхгүй. Гэхдээ бүх л өвчний эсрэг анагаах зориулалттай хийдэг бясалгал бий. Эдгээр бясалгалыг Бурханы шашны Дарь Эх, Анагаах ухааны Бурхан болох Аюуш бурханыг сэтгэлдээ төсөөлж хийдэг. Мөн бидний өмнө авч үзсэн таван махбодийг төсөөлж хийгээд эдгэрлийг олдог. Мөн бясалгалыг хэн нэгэн хүнд өвчтэй байгаа хүний төлөө дээрхтэй адил төсөөлөн хийж болно. Бас “өгөх ба авах” гэж нэрлэх нэг төрлийн эмчилгээний бясалгал бий. Үүнийг бас л төсөөлөлтэй хийдэг. Төвдийн Анагаах ухаан, бясалгалд гар хүргээд эдгэдэг зүйл байхгүй. Хэрвээ бид үүнийг үр дүнтэй хийж чадахгүй бол тэнэг хүн шиг харагдана. Ихэнх тохиолдолд үр дүнд хүргэдэггүй. Тиймээс ийм бясалгалыг хийж чадна гэж бардамнах аюултай. Хүмүүсийн өвчинг авч, эрүүл мэндийг өгч байна гэж төсөөлөх нь их түгээмэл.

Төвдийн бус жишээлбэл Риеки гэх системд гарын энергээр эмчлэх оролдлогууд бий. Төвдийн Бурханы шашны үзлээр ямар нэг биет зүйлээр хүрэх, жишээлбэл гараар хүрэх төдийд эдгэх боломжгүй гэж үздэг. Харин оюун санааны хувьд өөрчлөлт хийж байж эдгэнэ гэж үздэг.

Бид ямар ч системийг ашиглаад үр дүнд хүрэхгүй байж болно. Бидний хэрхэн харахаас бас их шалтгаална. Хэрвээ бид аливаа зүйлийг үр дүнтэй арга гэж харах юм бол дараа нь үр дүн гарахгүй үед бид тэнэг хүмүүс болж харагдана. Ямар ч Анагаах ухааны системд энэ аргаар үр дүн гарч магадгүй, оролдоод үзье гэж бодох нь хамгийн зөв.

Асуулт: Муу хүчийг хөөх нь Төвдийн анагаах ухааны аргуудын нэг мөн үү?

Хариулт: Яг Төвдийн Анагаах ухаанд тийм арга байхгүй. Гэхдээ эмчилгээтэй хавсарч хийдэг мөргөл, ёслолд тийм агуулга байж болно.

Билэгдэл

Бүгдээрээ яриагаа нэг билэгдэл хэлээд өндөрлөе. Бидний энэ уулзалтаар цугларсан эерэг энерги, сайн сайхны эхлэл биднийг өвчин, зовлон, бусад асуудлаа давж гарахад тус болох болтугай. Бүгд эрүүл саруул байж, эерэг бүхнийг олж авч цуглуулан, бусдад буян үйлдэхэд ашиглах болтугай.