Сонин хачин5

ЭЛЭГНИЙ АЛИВАА ӨВЧИНД ХОНИНЫ СҮҮН ЭЭЗГИЙ ИДЭХ, ШАР СҮҮГ НЬ ӨТГӨНӨӨР НЬ БАЙНГА УУХАД МАШ САЙН

Таван хошуу малын эмчилгээний увидас

ХОНИНЫ ЭРХТЭНЭЭР ЭМЧЛЭХ

Ходоод халуу оргиж, хоолны шингэц муудвал хар үнээний сүүг хонины сүүтэй хольж, буцалгаж ууна.

Ходоод болон олгойны хийд хонины гадар махны өөх, шар тосны аль нэгийг хар даавуунд шингээж халаагаад гэдэс, ходоодны гадна талаас 30 минутаас нэг цагийн хугацаатай тавьж жигнэнэ.

Хоолны шингэц муудвал хонины уушиг, элэг, цус, өлөн, гэдэс, гүзээг адил хэмжээгээр тааруулан хийж, чанаж болгоод нарийн татаж, давсаар амтлан идвэл хоолонд дуртай болж, шингэц нь сайжирна.

Ус буцалган зөгийн бал, хатаасан ээзгий хийж, дэвтээгээд ууна. Ингэж олон хоног ууваас элэг, ходоодонд нэн сайн.

Зүрх өвдөхөд хонины халуун сүү ууна. Мөн хөх хуцны эврийн үнсийг бүлээн усаар даруулж нэг сар ууна. Харин хөх хуцны эврийн үзүүр нь хор агуулсан байдаг тул идэж болохгүй.

Зүрхэнд хий орсны улмаас өвдвөл хөх хуцны эврийг дутуу түлээд, хярвасыг нь аяга бүлээн усанд зуурч ууна. Зүрхний өвчинд хонины махны халуун шөл уувал аажимдаа эдгэрнэ.

Хоолой идээлэх, улайх, мах ургаснаас болсон зүрхний өвчинд хонины сүүлний хагас аяга тосонд бор давс 3-4 хоолны халбагаар, камфорын /тариа/ тос 3-4 ширхэгийг хольж сайн зуураад гурван давхар бүс даавуунд түрхээд, зүрхээ дарж бүслэн боож, хоёр хоног хөхүүлээд авна. Тав хоногийн дараа дахин тавьж, 2-3 долоо хоног эмчлэхэд эдгэнэ.

Элэгний аливаа өвчинд хонины сүүний ээзгий идэх, ээзгий буцалгаж шар сүүг өтгөнөөр нь байнга уухад маш сайн.

Элэгний аливаа өвчинд нохойн хушууг нүдэж нунтаглаад хонины элэгний хальс шөрмөстэй тэнцүү хэмжээтэй найруулж, өдөрт гурван удаа усаар даруулж ууна.

Нялх хүүхдийн элэг доргиход хонь, ямааны сэвсээр хөхүүлнэ.

Хонины элэг нүд бүрэлзэх мөн элэгний хийд сайн.

Хонь болон бусад малын цөсөөр шарх эдгээнэ.

Өдөр шөнөгүй ханиалгахад хөх хуцны уушгийг чанаж ид.

Шүд хорхойтох, буйл багалзуураар хавдахад хонины халуун сүү уу.

Буйл хавдаж янгинан, чих хааяа их бага хатгаж байвал хийгээр өвдөх гэнэ. Хонины махаар гурван хуушуур хийж, нэгийг самбайд боож өвдсөн газартаа жин тавина. Нөгөө хоёрыг нь удаан зажилж иднэ.

Шүд өвдөхөд арвайн гурил самбайд боож товч шиг зангидаад хонины сүүлний тосонд чанаж халуунаар нь зуувал шүдний угаар тас хийтэл хатгаад өвдөхөө болино.

Бөөр бэлхүүс, давсаг шээсний замын өвчинд шүдлэн хонины бөөрийг хатааж нүдээд өдөрт гурван удаа хоолны халбага архиар даруулж уу. Амьтан бүрийн бөөр хүний бөөрөнд сайн. Мөн шүдлэн хонины ахар сүүлний ясыг чанаж уухад сайн.

Шээс хаагдахад өөрийн умдагны үснээс авч түлж утдаг. Бас өнчин сармисыг хонины шар тосонд нухаж даавуунд шингээгээд хүйс, давсаг, нуруун дээрээ бүлээн жин тавина.

Радикулитыг эмчлэхэд ээжийнхээ ус /шээс/-ыг хонины зунгагтай ноосонд шингээж нуруугаараа орооно.

Хонины өлөнгөөр сэвх арилгаж болно. Хонины гэдсийг арилгахдаа өлөнг нь шувтарч эргүүлэн, өнгөрийг нь аяганд авч, нүүрээ цэвэрлэж түрхээд 15-20 минутын дараа угаана. Энэ аргыг гурван удаа хэрэглэхэд нүүрний сэвх бүрэн арилна.

Хонины хоргол үс ургуулдаг. Үс удаан ургаж, унах нь их болбол хонины хорголыг нүдэж, нунтаглаад усаар зуурна. Дараа нь шүүж авсан усаараа өдөр бүр толгойгоо угаавал үс өтгөрч, ургана. Долоо хоногт гурван удаа угаахад хангалттай харин шампунь, шингэн саван хэрэггүй.

Олон хоног шингэн баасан хүүхэд хийддэг учир гэдэс, нуруу, бөгсийг нь хонины сүүлээр тосол.

Хүүхэд шээж чадахгүй ядрахад хонины толгойны ясыг буцалгаж шөлөөр нь угжина. Мөн хүүхдийнхээ давсагийг нь тосолсон бүлээн гараар зөөлөн илэх буюу бүлээн жин тавина. Мөн сонгины шүүсийг сүүтэй хольж угжихад шээс нь тавигдана.

Давсагны өвчин болон шээс хаагдахад хонины тойгны болон мөчний ясны шөл сайн.

Хүүхдийн толгойд гарсан ярыг хонины зүрхээр хөхүүлж эсвэл туулайн тархи түрхэж эмчлэдэг.

Нүднээс ус, нулимс байнга гоожиход хөх хуцны шүлс дусаавал сайн.

Нүд хараар өвдөж, нулимс гарваас эр хонины хэсэг мах авч дэлүүнд нь хийж, галын нурманд булаад түүнийг харж, нүдээ утвал сайн.

Нүдний хараа муудвал хонины түүхий бөгөөд бүтэн элэгний хальс шөрмөсийг цэвэрлээд талхтай /100 гр/ хольж шаазан саванд хийгээд сайн нухаж бэлтгэн, цайны халбагаар өдөрт гурван удаа уувал сайн.

Нүдний цагаанд зээргэнэ өвсийг түүж, нар, салхи үзүүлэлгүй хатаагаад түлж, үнсийг нь шүдлэн хонины уурагаар зуурч хатаагаад тавина. Мөн хамраараа татвал нүд, толгойн өвчинд сайн.

Нүднээс нулимс байнга гарвал хар хонины уургийг хургалж байхад нь сааж, дусаа.

Амаржсан хүн цагаан мөөгийг хонины шөлөөр даруулж 60 хоног уухад элдэв эмгэг тогтож үлддэггүй болой.

Бүсгүй хүнийг нярайлахын өмнө багахан шар тосонд давс уусган уулга.

Гурван хувийн түүхий шинэ сүү, нэг хувийн цэвэр спиртийн уусмалаар шөнө нүүрээ арчвал төрөлтөөс тогтсон сэвх арилна.

Хоолой боож бачуурвал хонины сүүлний арьсыг бүлээтгэж ороо.

Чих булагтвал шүдлэн хонины шаантын хуршсан чөмгийг хайлж дусаа.

Чихээр хатгуулж өвдвөл хонины тэр талын чихний доторх үсийг шатааж утаарай.

Ямар нэг шарханд хонины цөсийг цай, усанд зуурч түрх.

Бадгана туссан хүн хонины түүхий муу сархинаг ба нойр булчирхайг шарж идэх сайн.

Мориноос унаж бяцарсан, хөхөрсөн, хавдсан зэрэгт хонины тойг, шагайг чулуунд үрж түрхвээс сайн.

Хулмасыг арилгахад адууны хомоолны утаагаар утаж, хонины элэг, бөөрөөр жигнэдэг.

Хонь, ямааны олгойг угааж цэвэрлээд мах, ногоо хэрчиж, давс, өргөст хэмхтэй хийж, амсрыг утсаар бооЯ, чанаж идвэл тамир орно.

Ядаргаа болон байнга толгой өвдөхөд хонины толгой хуйхалж хярваслаад хамар, ам, нүд, чих, нугас зэрэг сүв болгонд нь сонгино чихэж, битүү саванд буюу гүзээнд нь битүү чанаж, шөлийг нь ууж, тархийг нь халуунаар иднэ. Энэ аргыг 6-7 удаа хэрэглэ. Ядаргаанаас болж ам муруйхад энэ аргыг хэрэглэдэг.

Биеийн чалх муудсан, ядарсан, нойргүй болсон үед хонины толгойг хуйхлан хярваслаад нүд, чих, хамрын нүхэнд сармисны хумс хийж, бага зэрэг устай гүзээнд битүү чанаж, 5-7 удаа идвэл эдгэрнэ.

Өдөр, шөнө ханиах ер нь уушгины өвчинд хөх хуцны уушгийг усанд чанаж иднэ.

Амьсгаа бачуурахад хонины түүхий тархийг цэвэрлэж цус, шүүсгүй болгоод жамц давсаар холимог хийн гурван орой хоолойгоо хөхүүлэх маш сайн.

Сүрьеэ өвчинд гахайн сэмжийг халуунаар нь хайлж, ижил хэмжээний хонины сүүтэй хольж буцалгана. Үүнийгээ сэрүүн газарт хадгалан, бүлээсгэж ууна. Эхний өдөр 40 граммийг уугаад дараа нь бага багаар нэмж, 250 граммд хүргэнэ.

Сэрүүн улиралд уушгины өвчин хөдөлвөөс хар үнээ, хонины сүүг хөөрүүлэн халуунаар нь уухаас гадна улаан үнээ, цагаан гүүний сүүг түүхийгээр тус тус 2-3 долоо хоног уувал архаг өвчин эдгэнэ.

Аль ч залуу малын уушгийг гүүний сүүнд чанаж идвэл уушгины өвчин, хий ханиалга эдгэнэ.

Өдөр, шөнөгүй ханиалгахад хөх хуцны уушгийг чанаж идэх нэн сайн.

Толгой байн байн өвдөхөд хонины толгой хуйхлан хярваслаж, хамар ам, чих, нугас зэрэгт давс, сонгино, сармис хийн, бага зэрэг устай гүзээнд хийж амсрыг боогоод, удаан чанаж шөлийг ууж, мах, тархийг иднэ. Үүнийг 4-7 удаа давтана.

Мөн толгой өвдөх, эргэх зэрэгт хонины тархи идвэл тархи сэргэж, санаж сэдэх үйлийг сайжруулна.

АДУУГААР ЭМЧЛЭХ

Ходоодны эвэр бадгана буюу унжралдсан шүлс гоожоод тасрахгүй, хоол орохгүй болсон өвчтэй хүнд зээрд морины шээсийг өдөрт гурван удаа тус бүр нэг жижиг аяга уулгахад бадгана хайлж, дээш доош цагаан цавуу шиг өтгөвтөр юм гарч, бадгана эдгэнэ.

Адууны гурван жил болсон хөх хомоолыг нүдэж чанаад тунгааж шөлийг нь өдөрт 2-3 удаа уувал цөсний өвчин эдгэнэ.

Цагаан гүүний сүүг шар өвчинд уудаг.

Саарал морины хомоолоор хөлөө шарлатал утвал хөлийн өвчинд сайн.

Морь, үхрийн хөх аргалын үнсийг шар цавуутай хольж сайтар уусгаад үе мөчөө шавшвал сайн. Эсвэл шар сүүнд зуурч боож болно.

Шар усанд аливаа бод малын чөмөг, удаж өмхийрсөн хувхай булууны ясны үнс бас давс, хятад шар хүжийг тэнцүү нунтаглаад, аагтай хар цайнд зуурч хэд дахин шавшваас үе мөчний өвчинд маш сайн.

Бам өвчинд цагаан адууны тархийг буцалгаж хэд хэдэн удаа ууваас нэн сайн. Цагаан адуу эс олдвоос ямар ч адууны тархи болно.

Бам өвчинд мориор алс газар явж зовоовоос нэн сайн.

Төрж ядан байгаа эхийн зүүн хөлний чигчий хурууг төөнөх, хар морины сүүлийг түлж үнсийг нь үнээний шээстэй хольж халбага архиар даруулж уулгавал төрөлт түргэснэ. Хэрэв эхэс саатвал хамрын тамхи татуулан найтаалгах, хий буу тавьж цочоовол эхэс гарна.

Хамраас цус гоожиход зээрд морины сүүлийг шатааж утах, азарга ба морины шинэ хомоолны шүүсийг шахаж хамарт дусаана.

Бие загатнахад хавар, намрын цагт адууны шар хомоолоор биеэ шар өнгөр суутал утах, шүдлэн хонины зунгаг түрхэх, өлөн шээсээ уухад эдгэрнэ.

Адууны тархи идвэл нойронд сэргэг болно.

Гүүний сүүний архинд шар чихэр, үзэм, хорхоодойг хийж, урт хугацаагаар үдэш уувал биеийн тамир тэнхээ нэмэгдэж, архаг өвчнийг засна.

Ногоон сонгино, халгай хоёрыг тэнцүү хэмжээгээр чанаж, шөлөнд нь адууны мах, сүү хийж олон удаа уувал чийг, бам өвчинд нэн сайн.

Малын төмсийг чанаж идэх аргыг бөөр, бэлхүүс, нуруу, шээсний сүвний өвчнийг анагаахад өргөн хэрэглэнэ.

Уушигны аливаа өвчинд цагаан гүүний сүүнд чацаргана, нэрс жимсийг хийж эсгээд 15 хоног уухад эдгэнэ.

Гүүний айраг уушгины өвчинд тустай боловч бөөрөнд халтай учир тохируулж хэрэглэ. Тохируулж чадаагүй бол уушиг хатингаршиж, хавиргандаа наалдан, хавирга сүвэргээр хатгуулж, ханиахад амьсгал давчдан, хэвтэхийг урьтал болгодог. Энэ өвчнийг засахдаа хонины шинэ гүзээг хийлж амсрыг нь боогоод өвчтэй газраа жигнэ.

ЯМААГААР ЭМЧЛЭХ

Ямааны сүүг өдөрт гурван удаа хөөрүүлж уувал их хэхэрдэг зуршлыг зогсооно. Хагас литр сүүг гурван сар үргэлжлүүлж ууна.

Зүрх түгшвээс ухны эврийн үзүүрийг тайрч нунтаглаад усанд зуурч ууна.

Элэгний хавдар, хатуурал, халууныг дарахын тулд хонь, ямааны нойтон халуун арьс болон сүүгээр хөхүүлэх тустай.

Дэлүүний өвчтэй хүнд ямааны дэлүүн дээрх үсийг хайчилж аваад хавдар, өвчтэй газартаа өөрийн шүлсээр норгож гурваас доошгүй хоног тавьж бооно. Малын дэлүүг хатааж нүдээд цайны халбагаар өдөрт 2-3 удаа буцалсан усаар даруулж уу.

Ямааны элэг гэдэсний хорхойг арилгана.

Улаан ямааны үсийг хяргаж аваад шар цавуутай хольж хатаагаад маш нарийн хэрчиж, үсгүй болгоод цавуутай хамтатгаж хайлж нааваас сайн.

Гар, хөлийн шар усанд ямааны өөхийг хуршааж, нухаж шавж боох ба мөн тосыг нь түрхэж нар болон галд ээж шингээнэ.

Нүдний өвчинд ямааны халуун элгийг түүхийгээр нь нүдээ даруулж боож, хөхүүлнэ.

Улаан бор ямааны дотор өөхийг элэгтэй чанаад нухаж үрэл хийж хатаагаад өдөрт 1-2-г идэх эсвэл усанд уусгаж нүдэнд дусаавал хараа сайжирна.

Нүднээс нулимс асгаран хараа муудахад ямааны элгээр хөхүүлэх сайн.

Нүд хараар өвдөхөд гурван настай ухнын цөсийг авч усанд хольж түрх.

Цагаан ямааны сүүг хавар цагт буцалгаж уувал харшилыг гаргана.

Нүд хөшсөн, аргасанд гурван настай ухнын цөсийг авч усанд хольж зовхинд шүршвээс сайн.

Хөх өвдөхөд ямааны өглөөний баас, шээсийг газарт хүргэлгүй аваад, ухнын шээстэй зуурч тавьж боовоос нэн сайн.

Чихний зуурдын дүлийд ямаа, үнээ, найман настай хүүхдийн өлөн шээс, жамц давс дөрвийг хольж дусаа.

Хаван, амьсгал давхцахад ингэний хоормог, цагаан ямааны сүү ууна. Усан хаванд хөх ямааны сахлыг шатааж утах сайн.

Цусаар ханиавал ухнын эврийн тугалмайг усанд буцалгаж ууна.

ҮХРЭЭР ЭМЧЛЭХҮЙ

Хөх үхрийн хатаасан зүрхийг битүү түлж үнсийг нь нунтаглаад архиар даруулж уувал зүрхний өвчинд нэн сайн.

Хар үнээ, хонины сүүг хөөрүүлж уувал зүрхний өвчинд тустай.

Үхрийн эврийн хярвасыг усаар даруулж уухад элэгний халуун арилна.

Үнээний сүүг нэг хувь, усыг хоёр хувийг найруулан хярам чанаж өдөрт 2-3 удаа гурван аяга уухад хүйтэн шард тустай.

Хар үхрийн цөс найруулсан хорыг тайлахад болон нүдэнд дусаахад сайн.

Үхрийн цөсний чулууг эмчилгээнд хэрэглэнэ: цөсөндөө чулуутай буюу гивантай үхрийн нүд харанхуй шөнө цог мэт улайж харагдахаас гадна өвөл амнаас нь гарсан уур цасан дээр шар өнгийн толбо үүсгэдэг. Шүлс нь шар утас мэт нарийн ширхэгээр хөлдсөн байдаг.

Бэтэг өвчинд хар үхрийн дөрвөн мөрийн шороог усанд буцалган ууна.

Үсийг бэхжүүлж, сайхан өнгөтөй болгохын тулд үхрийн тархийг усанд буцалгаад ширгэсний дараа няцлан, хальсыг нь ялгаж улмаар цайны халбагны хэмжээний спирттэй хольж сайтар холино. Хагас цаг гаруй болоод угаана. Хуйханд 10 минут хүчтэй иллэг хийж, халуун усанд даавуу норгож, толгойдоо тавина. Үүнийг зургаан удаа хийнэ.

Нялхас хөхөндөө муу байвал үхрийн эврийн үзүүрийг түлээд үнсийг эхийн хөхөнд түрхэн аманд нь сааж дусаана.

Нялхсын гэдэс өвдөж унтаж чадахгүй байвал буурцгийн төдий гиваныг хөхний сүүнд дэвтээж хүйсэн дээр нь нааваас эдгэнэ.

Улаан үнээний шар тосыг гэдэсний түгжрэлд уувал сайн.

Нүдний хараагаа тогтоохыг хүсвэл үхрийн шинэ шар тосыг нэг аяга, хонин гоньд 200 гр, задь хоёр ширхгийг нүдэж нунтаглан буцалгаж найруулаад, хөлийн өсгий, тавхайн хөнхөр уланд байнга нимгэн түрхвэл маш сайн.

Үхрийн шар тосыг бүлээнээр нүдэнд дусаавал хараанд сайн.

Нүднээс нулимс асгаран, хараа муудахад хар үхрийн цөс дусаах сайн.

Настай хүний шээс задгайрвал үхрийн сүүлний ясыг түлж усанд буцалгаж ууна.

Нуруу шархирахад үхрийн аргалын үнсийг хуучин тостой хольж түрхээд галд ээнэ.

Улаан үнээний сүүг хаврын цагт буцалгаж уувал харшлааг гаргана.

Уушигны өвчтэй хүн өглөө, орой бүр ухаа үнээний халуун саам нэг аяга уух сайн.

Үхрийн чөмөг уушгийг зөөлрүүлж, дэлүүний тамирыг сайжруулна.

Мэнгэр, хууч ханиалгад гахайн сэмж өөхийг паалантай саванд хийгээд зөөлөн гал дээр халааж тосыг нь гаргаж авч сэрүүн газар хадгал. Үүнийг үхрийн хөөрүүлсэн сүүнд том цайны халбагаар нэгийг хутгаад халуунаар ууна. Өвчний байдлыг харгалзан тохируулж ууна.

Толгойн хуурай, нойтон шархлаанд улаан үхрийн баасыг газар хүргэлгүй аваад галын нурманд түлж, үнсийг шар тосонд зуураад түрх.

ТЭМЭЭГЭЭР ЭМЧЛЭХ

Цагаан ингэний сүүг мөнгөн аяганд хийж, удаан хугацаагаар тогтмол, гам хийж уух нь бэтэг өвчнийг илааршуулна.

Тэмээний хөх хорголыг түлж, үнсийг нь гүүний сүүнд зуурч бүлээсгэн хүүдийд хийж боовол үе мөчний өвчинд тун сайн.

Хөөрснөөс болж буйл хавдсаныг тэмээний хөх хорголын үнсийг самбайд боож шүлсээрээ дэвтээж хавдсан буйлан дээрээ тавьж хөхүүлэхэд хагарч, цус гараад эдгэнэ.

Шүд өвдөөд тун хүнд байвал тэмээний шээсээр зайлахад өвдөлт нь намдаж харин шүд суларна.

Гариг саа, дайрлага дайрсан, цус харваж тахир дутуу болсон хүнд тэнгэрт ниргүүлсэн малын ясыг буцалгаж уулгадаг мөн утдаг. Гарт нь атгуулах хэрэгтэй.

Хамраас цус гараад эс тогтвоос цагаан тэмээний ноосоор утвал сайн.

Тэмээний хөх хорголын үнсийг гүүний сүүгээр зуурч боовол чихний өвчинд сайн.

Толгойн өвчин, шар усны хавдарт гурван жил болсон тэмээний хорголыг шатааж, үнсийг нь гүүний сүүтэй зуурч, хүхэртэй холин толгойдоо түрхэх буюу бооход тустай.